ЗАВХАН: Онцлох хүнээр Маабазарын Түвшинбатыг шалгаруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймаг жил бүр шинэ сарын өмнө оны шилдгүүдийг тодруулж, шагнаж урамшуулдаг уламжлалтай. Энэ жил модон могой жилийн шилдгээр 24 хүн шалгарч, шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ш.Мянганбаяр, Засаг дарга Г.Өнөрбаяр нар гардуулан өгч баяр хүргэлээ гэж ЗДТГ-ын мэргэжилтэн З.Ариунтуяа мэдээлэв.
Эдгээрээс онцолбол тус аймгийн 2025 оны "Онцлох хүн"-ээр Тосон энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал Маабазарын Түвшинбат шалгарлаа.
М.Түвшинбат нь Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр Механикийн системийн инженер мэргэжил эзэмшсэн. 2012 оноос Япон улсад эмнэлгийн тоног төхөөрөмжийн компанид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инженер, 2014 оноос Япон улсын Ион группийн Камбож дахь төсөлд 6 жил захирлын орлогч хүртэл дэвшин ажилласан.
2022 оноос Завхан аймгийн Тосонцэнгэл суманд баригдсан “Тосон” дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Тэрээр “ЖЕМ групп” компанийн харьяа “Тосон Энержи” компанийн хөрөнгө оруулалттай 30 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын төслийг 2022 оноос удирдан хэрэгжүүлж, улсын хэмжээнд томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулсан байна.
Орон нутагт анхны эрчим хүчний шинэ бүтээн байгуулалтыг бий болгож, идэвх санаачилга гарган, бүс нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
Хэрэглэгчдийг эрчим хүч, дулааны найдвартай эх үүсвэрээр хангахад манлайлан ажилласныг нь үнэлж "Оны онцлох хүн"-ээр шалгаруулсан гэв.
Өдгөө Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц нь 20,24 МВт эрчим хүч үйлдвэрлэж Хөвсгөл, Завхан, ГовьАлтай аймгийг эрчим хүчээр хангаж байна.

Завхан аймгийн модон могой жилийн шилдгүүд

Тосонцэнгэлийн ДЦС