ДОРНОГОВЬ: Хүрээт баатрын гавьяаг мөнхөлсөн хүрэн улаан тэмээний өлгий нутаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-02-05 14:20:23

Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Зах хязгааргүй өргөн говь нутгийн бахархал нь тэмээн сүрэг юм. Тэмээг 5000 гаруй жилийн өмнөөс хүн гаршуулж, уналга, ачлага, эдэлгээ, сүү, саалинд ашиглаж иржээ.


Манай улсын нийт тэмээний 50 орчим хувийг говийн гурван аймагт өсгөж буй бөгөөд дорнын говь нутгийн тэмээн сүргийн онцлог, ач тус, төрийн үйл хэрэгт ашигласан түүх, мөн говийнхон тэмээн соёлыг хөгжүүлж, хадгалах үйлсэд оруулсан хувь нэмрийг тоймлон хүргэж байна.


Элсэн говийн хөтөч


Тал хөндийд амгалан тайван бэлчих тэмээн сүрэг алсын алсад буй амьтны хөдөлгөөнийг олж хардаг гайхалтай хараатай. Малын бэлчээр, ус, худаг, айлын бууцыг 30 км-ийн цаанаас мэдэрч, элсэн цөлд төөрөхгүй тул малчид, жинчдэд зүг заах луужин мэт түшиг болдог.


Аварга том биетэй хэдий ч, туулай босоход эмээл мултрах, ачаа унах үед туйлан давхиж алга болдог “аймхай” амьтан. Төрөлх говьд дассан тэмээг ус, ургамал сайтай газар шилжүүлэхэд өнгө зүсээ алдаж, турж эхэлдэг. Бөхний өөхөө задлан ус болгон гүзээндээ хадгалж, өдөрт 80 литр хүртэл ус ууж, усгүй олон хоног тэсэж чаддаг.


Эцэг мал буурын ороо орох нь цаг агаар, тарга хүч, биеийн онцлог, наснаас хамаарч харилцан адилгүй бөгөөд ойролцоогоор арванхоёрдугаар сарын дунд үеэс гуравдугаар сарын сүүлч хүртэл 100 орчим хоног үргэлжилдэг. Сайн бууран тэмээ нь гуя зузаан, таваг бөх, бие галбир сайтай, мах, ноос нь чанартай байдаг.


Орсон буурын бие илүү хүчирхэг сүрлэг болж, харахад сүрдмээр харагддаг. Амаар нь цагаан хөөс сагарч, цээж нь хүнгэнэн дуугардаг тул эзнээс нь өөр хүн ойртоход бэрх болдог. 


Саяхныг хүртэл тэмээн хөсгөөр төрийн үйл хэргийг залгуулж байв

Говь нутаг тэмээ дасан амьдрах таатай орчин төдийгүй тэмээний соёлыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн газар юм. Говийн малчны хүүхдүүд ботго, тором унаж, ингэний буйлааг мэдэрч өсдөг. Тэмээгээр төрийн үйл хэргийг залгуулж ирсэн түүхэн баримт элбэг байдаг. XIII зууны үед Италийн жуулчин Марко Поло монголчууд тэмээгээр нүүж төрийн үйл хэргийг залгуулж байсныг анх мэдээлж байсан бол XV-XVI зууны үед тэмээн хөсгийг өргөн ашигладаг болжээ.


Хамгийн ойрын жишээ гэвэл, одоогоос 95 жилийн өмнө, 1931 оны хавар Дорноговь аймаг байгуулагдаад удаагүй байх үед Ардын засгийн шийдвэрээр аймгийн төвийг Хаяа Сайн-Уснаас баруун урд зүгт, Их дулаанд нүүлгэхээр олон тооны тэмээн хөсөгт гэр бараагаа ачаалан замд гарчээ. Тэмээн хөсгийг хариуцан явж байсан хүмүүсийн нэг, хожим аймгийн 11 дүгээр авто баазын механикчаар ажиллаж байсан Ц.Жаваа тухайн үеийн дурсамжаа 1953 оны есдүгээр сарын 21-ний дугаарын аймгийн “Ялалт” сонинд бичиж үлдээжээ.


Хан Хэнтий уулын аймгийн Их дулаан уул, Хутаг уул, Оцол сансар уулын хошууг нэгтгэн Дорноговь аймгийг байгуулжээ. Тэр намар, ес, аравдугаар сард би 20 тэмээтэй Балдантогоо гэдэг өвгөнийг даган Сайн-Уснаас аймгийн төвийг Сайншандад нүүлгэж хөсөг хөтөлсөн юм. Ц.Жаваа дурсамждаа “Сайншанд хотыг анх байгуулж байгаа нь тэр билээ” хэмээн бичжээ. Тэмээн хөсөгтэй холбоотой өөр нэгэн түүхэн домог ч бий.


Ардын Засаг дөнгөж ялаад байсан үед Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хошуу тамгын газар тэмээгээр нүүлгэж явтал ачаатай тэмээ гэнэт туйлж, авдарт байсан төрийн тамга газар унажээ. Энэ явдалд хүмүүс ихэд бэлгэшээж, тэр газар Хошуу тамгын газраа төвхнүүлсэн гэх домог нутгийнхны дунд үе дамжин яригддаг.


Тэмээн жин ба Дорнын говь нутгаар дайран өнгөрөх Цайны зам

Одоогийн Хятадын нутаг дахь Хөх мөрний адагт дэлгэрсэн цайг өмнөдөөс умард руу тээвэрлэх гол хэрэгсэл нь тэмээн жин байжээ. Өөрөөр хэлбэл, Хятадын нутгаас үйлдвэрлэсэн цайг Их цагаан хэрэм рүү орох үүдэн хэсэг болох Хаалган хотод хүргэж, тэндээс Замын-Үүд, Чойр, Хүрээгээр дамжуулан Хиагт, цаашлаад Москва хүртэл тээвэрлэдэг байжээ.

Түүх сөхвөл, XVII-XIX зууны үед жинчдийн цай тээвэрлэлт оргилдоо хүрч байсан байна. Эртнээс нааш Замын-Үүдээс Сайншандыг дайрч Чойрыг дамжин Их хүрээ ордог Гүнжийн зам, мөн Чуулалт хаалгаас Улиастай ордог Харчин буухиа өртөөний зам гэсэн хоёр гол зам тус аймгийн нутгаар дайран гарч байжээ.


Жинчдийн хувьд их говийг гатлах нь далайг гатлахаас дутахааргүй цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө шаарддаг байжээ. Тиймээс говийн малчдаас аяны жин даах сайн тэмээг өндөр үнээр худалдаж авдаг байсан бөгөөд олон тэмээтэй малчин тэмээгээ үнэлүүлэн зардаг тохиолдол ч гардаг байв. Оросын Хаант Улсын армийн хошууч генерал, алдарт жуулчин Николай Михайлович Пржевальский 1870-аад оны үед умраас өмнө зүг Бээжин, тэндээс баруун зүг Төвөдийг зорин дөрвөн удаагийн аяллаа тэмээн хөсгөөр амжилттай туулсан юм.


Нэрт аялагч Пржевальский аяллынхаа үеэр нийслэл Хүрээг дайран өмнө зүг явахдаа Монголын говиос тэмээгээ солиод, одоогийн Дорноговь аймгийн Өргөн сумын төвийн зүүн талаар нэгэн худгийн асгар бул чулуун дээр “1884, ПР-Ж” гэсэн дурсгалын бичгийг хонхойлгон цохиж үлдээсэн байдаг. Нутгийнхан тэртээ 1884 оноос хойш уг худгийг “Пржевальскийн худаг” гэж нэрлэсээр иржээ.

“Бүх Монгол даяар хамгийн сайн тэмээ Халхынх байдаг. Халхын тэмээ том биетэй, хүч тэнхээтэй, тэсвэртэй. Харин Алшаа болон Хөх нуурын тэмээнүүд арай багавтар, хүч тэнхээ нь бага. Тэмээнүүдтэйгээ явахад бид ямар ч Альпын нурууг амархан давчихаж болно гэдгийг нотолсон юм. Хойд Төвөдийг дайран Лхас руу явахад манай тэмээнүүд 16 мянган тохой /4800 метр/ өндөр давааг давсан төдийгүй, түүнээс ч өндөрт агаарын сийрэгжилтээс болоод олон хүн, мал амьсгал нь боогдон үхдэг байхад манай хэдэн тэмээнүүд ямар ч асуудалгүй давсан” гэж бичиж үлдээжээ.


Говь нутгийн малчид жин тээхдээ нутгийн цаг агаар, нөхцөл байдлыг харгалзан тэмээн жинг хоёр онцлог аргаар зохицуулдаг байжээ. Нэгдүгээрт, халх аян гэж нэрлэдэг бөгөөд үүрээр ачаалан хөтөлж, үдээр буулгаад тэмээгээ амрааж, идээлж, усалсны дараа нар жаргах үед ачаалан хөдөлгөж, шөнөжин явж, маргааш нь үдээр буулгадаг аргыг хэлдэг. Харин харчин аян нь өглөө хөдөлж, өдөржин, шөнөжин явж, мичид, марал, тонгойн үүр цайх үед буудаг арга юм. 


Тэмээн соёл

Хоёр бөхт тэмээг гаршуулан маллаж эхэлснээс хойш малчид тэмээгээ сургаж, ачаа, жин тээх, уналга, эдэлгээнд ашиглах төдийгүй ганган ногт, эмээл, тохшоор гоёж иржээ. Мөн ботгоо голсон ингийг хөөсөлж ботго авахуулах зан үйлээс гадна тэмээгээ уналга, эдэлгээнд зөв ашиглах, дээсэн, ногт, бурантаг бэлтгэн сайхан буйл зорохыг ч эрхэмлэж ирсэн байна.


Мөн эмнэгийг сургахад урт дээс буюу таахай, тэмээний бөхийг хамгаалсан хөнгөн авсаархан эмээл, тохош бэлтгэж, ачаа ачдаг хом, ороолт, бамбай бүрэн байхаас гадна хурганы уут, малын арьсаар хийсэн үслэг тах, аяны аяга, халбага, хутга, хүнсний уут зэрэг шаардлагатай бүхий л хэрэгслийг бүрдүүлж байж л тэмээний бүтэн соёлыг хадгалдаг. Газар газрын тэмээчдийн дунд тэмээн сүргийг магтан дуулсан дуу, ерөөл, магтаал олонтаа байдаг.

Говийн заан хэмээгддэг тэмээгээ уралдаад ирэхэд нь говийн иргэд

...Барын найман хумстай

Бат дөрвөн тавхайтай

Аргай аргай булчинтай

Алхаа тэшээ уужимтай

Салаа зандан буйлтай

Сайхан ногт бурантагтай

Магнаг хивсэн тохоштой

Малчин уяач эзэнтэй

Луу сайхан хүзүүтэй

Лусын эзэн тэнгэртэй

Хонин борхон нүдтэй

Хонгор улаан зүстэй

Хулгана хоёр чихтэй

Хурдан шинж нь бүрдсэн

Уяхан цээлхэн буйлаантай

Уулган шарын удамтай

Морин босоо борвитой

Могой хэлбэр сүүлтэй

Заган шугуйн зандан шатар

Замбуу тивийн эртний сүрэг

Үлэг гүрвэлийн удам угшил

Үүлэн цэнхэр говийн хаан

Баян монголын тэмээн сүрэг

Баяр наадмын түрүү магнай

Ханагар говийн чимэг болсон

Хавтгайн удамт хурдан хүлэг... гэх мэтээр магтан дуулна.


Тэмээн поло


Дорноговь аймагт тэмээн поло спорт эрчимтэй хөгжиж, улсын хэмжээнд олон амжилт гаргажээ. Монгол Улсад тэмээн поло үүсэж хөгжих эх суурь нь 2002 онд Сайхандулаан сумын Цохио багт зохион байгуулсан туршилтын тоглолт болсон гэж үздэг. Үүний дараа 2002 оны 12 дугаар сарын 10-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд улсын аварга шалгаруулах анхны тэмцээн зохиож, Сайхандулаан сумын Д.Чулуунбат ахлагчтай “Гурван хяргуй” баг хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медаль хүртсэн байна.


2013 онд Улаанбаатар хотод болсон “Монгол тэмээ-2013” өвлийн фестивальд Х.Эрдэнэдалай ахлагчтай “Хоёр дулаан” баг түрүүлж, “Ижий говь” цомын эзэн болсон байна. Харин хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ оны нэгдүгээр сарын 24-25-нд Дундговь аймагт зохион байгуулсан “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, тэмээчдийн улсын V зөвлөгөөний үеэр Дорноговь аймгаас оролцсон “Гурванбаян” баг поло төрлөөр улсын аваргаар тодорсон юм.


Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээний удам угшил Дорноговьд бий


Дорноговь аймагт тэмээний аж ахуйгаараа онцлог нутаг нь аймгийн төвөөс баруун зүгт 170 гаруй км-ийн зайд оршдог Мандах сум юм. Хуучнаар Түшээт хан аймгийн Ачит гүний хошууны залгамж болсон тус нутагт өмнөх нийгмийн үед Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Мандал-Овоо, Булган, Цогт-Овоо суманд үржүүлж байсан ашиг шим сайтай Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн тэмээний угшил, үр удам өнөөг хүртэл өргөн тархжээ.


Гэхдээ үүнээс ч өмнө “Мандахын улаан тэмээ” хэмээн нэрлэгддэг, махны ашиг шимээр давуу, харьцангуй чацархаг, чийрэг нягт бие бялдартай, галбир цогцос сайтай, уналгад илүү тохиромжтой төдийгүй харьцангуй нарийн ноостой тэмээ зонхилж байжээ. Харин Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн үүлдрийн угшил тархсанаар илүү том биетэй, сүүний гарц сайтай тэмээг олноор өсгөх болсон байна.



Монголын тэмээчдийн дундаас төрөн гарсан анхны Хөдөлмөрийн баатар Насангийн Хүрээт нь Дорноговь аймгийн Мандах сумын уугуул. Тэрбээр 1956 онд Мандах сумын “Социализмын зам” нэгдэлд элсэж, 141 толгой тэмээ хүлээн авснаас хойш ердөө найман жилийн дотор сүргээ мянга давуулан өсгөж, тухайн үеийн мал аж ахуйн салбарт ховор амжилтыг үзүүлжээ.


Н.Хүрээт 24 жилийн турш /1956-1979 онд/ тасралтгүй тэмээ маллахдаа анх авсан 141 тэмээгээ үр төлөөр нь өсгөн 1969 он гэхэд 1004 толгойд хүргэж, ашиг шимийн болон төлөвлөгөөт даалгавруудыг тогтмол давуулан биелүүлж ирсэн байна. Тэрбээр хөдөлмөрийнхөө сүүлийн жилүүдэд ч 800-1000 толгой тэмээ маллан, аж ахуйгаа тогтвортой, үр ашигтай авч явжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, 1961 онд Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одонгоор шагнасан нь БНМАУ-ын түүхэнд анх удаа тэмээчин хүнд олгосон “Хөдөлмөрийн баатар” цол болж үлдсэн юм.


Мандах сум сүүлийн жилүүдэд тэмээн сүргийн тоо толгойг тогтвортой өсгөж “Түмэн тэмээний баяр”-ыг уламжлал болгон тэмдэглэдэг болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр тус сум 157.6 мянган толгой мал тоолуулж, малынхаа тоогоор аймагтаа дөрөвдүгээрт жагсжээ.


Түүнчлэн 12,307 толгой тэмээ тоолуулсан нь өмнөх оныхоос 6.8 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд энэ амжилтаараа аймагтаа тэргүүлж байна.


Монгол тэмээг сурталчлах, тэмээний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уламжлалт наадмыг энэ жил Мандах сумын харьяат, БНМАУ-ын анхны тэмээчин Хөдөлмөрийн баатар Насангийн Хүрээтийн нэрэмжит болгон, “Гиннест хүрэх зам” уриан дор зохион байгуулсан юм.


Дорноговь аймгийн тэмээчдийн дундаас өнөөг хүртэл Хөдөлмөрийн баатар хоёр, Монгол Улсын гавьяат малчин дөрөв, Монгол Улсын хошой аварга малчин хоёр, Монгол Улсын аварга малчин 19 төрөн гарсан нь тус нутгийн тэмээ маллагааны уламжлал, хөдөлмөр зүтгэлийг илтгэнэ.


Аймгийн хэмжээнд тэмээн сүргийн тоо 2024 оны эцэст 58,119 байсан бол 2025 онд 61,900 болж өссөн бөгөөд тэмээн сүргийн тоогоороо Өмнөговь аймгийн дараа улсдаа хоёрдугаарт бичигдэж байна.


Говь нутгийн зон олны ухаан хөдөлмөрөөр бий болсон буянт ганган улаан тэмээн сүрэг жилээс жилд өсөн арвижиж, малчдын амьдрал ахуйд үр өгөөжөө тасралтгүй өгсөөр байна.



Related news