ЗАВХАН: Хаваржилт хүндрэх төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай,
2026 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай байна.
Завхан аймгийн Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Тэс, Асгат, Баянхайрхан сумдын нутгаар 21
см-ээс дээш зузаантай, 0.16–0.35 г/см³ нягттай цасан бүрхүүл тогтжээ. Харин
Сантмаргац, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Алдархаан,
Цагаанхайрхан, Цагаанчулуут, Эрдэнэхайрханы хойд хэсгээр цасны зузаан 11–20 см,
нягт нь 0.11–0.30 г/см³ байгаа бол бусад нутгаар 10 см-ээс бага зузаантай,
0.07–0.37 г/см³ нягттай байна.
Цасны зузаан хамгийн ихтэй сумдаар Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг тодорч, эдгээр суманд 31-47 см хүрсэн байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арав хоногтой харьцуулахад дунджаар 14 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Цас ихтэй, хүйтний эрч чангарсантай холбоотойгоор малын бэлчээрлэлт 3-11 хоногоор саатсан байна.
Сүүлийн арав хоногт хийсэн хээрийн судалгаагаар сумдын цасны дундаж зузаан 1-47 см, дундаж нягт 0.10-0.32 г/см³ байгаа нь зарим нутгаар өвөлжилт хүндэрч болзошгүйг харуулж байна.
Иймд
хаваржилтад онцгой анхаарч, малыг нэмэгдэл тэжээлээр хангах, цаг агаарын мэдээ,
сэрэмжлүүлгийг тогтмол авч байхыг малчдад зөвлөж байна гэж Завхан аймгийн Ус
цаг уур, орчны шинжилгээний газрын уур амьсгалын ерөнхий технологич инженер
С.Цацрал мэдээллээ.
