ДОРНОГОВЬ: Ингэ хөөслөх буюу ботго авахуулах зан үйлийн өвлөн уламжлагчид
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголчуудын мал аж ахуйн соёлын нэгэн өвөрмөц зан үйл нь төл авахуулах ёс юм.
Зураг дээр зүүн гар талаас Ө.Оюунзул, Н.Мишээл-Од, О.Дуламханд
Төл авахуулах ая дуудлага, тэр дундаа ботго авахуулах зан үйл нь Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага” бүхий ай савд бүртгэгдсэн юм. Энэхүү өв соёлыг өвгөдөөс сурч, түүчээлэн авч яваа хүн бол Дорноговь аймгийн Хөвсгөл сумын малчин Өргөнцагааны Оюунзул бөгөөд тэрээр өв соёлоо бэр дүү О.Дуламханд болон сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Н.Мишээл-Од нарт зааж сургажээ.
Тэрээр ботгогүй ингэнд ботго авахуулах уламжлалыг эрхэмлэн сахиж, ингээ хөөслөх өв соёлоороо улсын соёлын фестивальд хоёр удаа, аймгийн “Язгуур” өв соёлын наадамд олон удаа оролцож шагнал хүртжээ. Түүний ээж Өргөнцагаан ботгоо голсон ингийг уран тансаг аялгуугаар хөөслөн “Энэ ботго чиний үр төл шүү, сайхан үр чинь шүү” хэмээн уяран хайлуулж ботгыг нь авахуулдаг малчин хүн байжээ.
Ингэ хөөслөх нь монголчуудын малтайгаа харилцдаг уламжлалыг
харуулсан цогц зан үйл юм. Ингэ хоёр жилд нэг
удаа төллөх бөгөөд ботгоо голох тохиолдол бий. Ингэ ботгоо голж хөхүүлэхгүй бол хөөслөх дуу
аялахын зэрэгцээ “Өнчин цагаан ботго” зэрэг тууль хайлж, ерөөл өргөх уламжлал
нь малчин ардын дунд өргөн дэлгэр байжээ.
Ботгоо голсон ингэ ижил олон сүрэгтэйгээ нийлэхгүй зожгирч, алсыг харан зогсоод үе үе эргэн харж буйлах, бэлчээрт гараад өвс идэж, ус уухгүй өнгө зүсээ алдах нь ч бий. Малчин эзэн нь өглөө эрт буюу харуй бүрий нам гүм үед гологдсон ботгыг эхэд нь авахуулахын тулд хөөсөлдөг. Тэмээ нь хүн, малын хөл татарсны дараа дуу чимээнд саатахгүй, сайхан аялгуу, дуу хуурын уянгад амархан уярдаг. Хөөсийн аялгуу буюу “хөөс, хөөс” хэмээн урнаар уянгалуулан аялан хуурдахад ингэ хоёр нүднээсээ нулимс мэлмэрүүлэн ботгоо голсондоо уяран хайлан, голсон ботгоо авдаг.
Ийнхүү хуур, лимбэний эгшигтэй хослуулан хөөсөлж, эх үр ингэ, ботгыг сүжрүүлэн эвлэлдүүлж, аялгуу дуугаар дамжуулан ботгыг нь авахуулдаг билээ. Ингэ хөөслөх зан үйл нь нутаг нутгийн онцлогоос хамааран янз бүрээр явагддаг бөгөөд зарим газар хуурдаж аялгуугаар хөөсөлдөг, зарим газар дан хуур татаж, судар уншин тарнидаж хөөсөлдөг, мөн лимбэ оролцуулж уртын дуугаар хөөслөх зэрэг олон төрөлтэй ажээ.
Ташрамд, 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 4-нд Намиби Улсын нийслэл Виндхук хотноо болсон Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Ингэ хөөслөх” буюу “Ботго авахуулах зан үйл”-ийг 24 орны гаргасан шийдвэрээр ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад батлан бүртгэсэн байна.
