ДОРНОГОВЬ: Тэмээний баярын үеэр “Өв соёлын өргөө”-г олон нийтэд зориулан дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Их говийн тэмээ-2026” тэмээний баярын үеэр аймгийн Музей сургалт, судалгааны төвөөс олон нийтийн соёл, түүхийн боловсролд зориулан “Өв соёлын өргөө”-г дэлгэжээ.
Энэхүү өргөөнд Чингис хааны хангал эхт цагаан туг, говийн тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаа, түүний гурван шүтээн, БНМАУ-ын анхны тэмээчин Хөдөлмөрийн баатар Мандах сумын харьяат Н.Хүрээт, Хөдөлмөрийн баатар тэмээчин, Хатанбулаг сумын харьяат С.Чимиддорж, гавьяат малчид, аймаг сумын аварга тэмээчид, аварга саальчид, эмнэг сургагч, “Алтан ботго”-ны эзэд зэрэг тэмээгээ маллаж, ажил хөдөлмөрөөрөө манлайлсан говийн тэмээчдээ алдаршуулсан юм.
Үзэсгэлэнд Эрдэнэ, Мандах, Сайхандулаан, Сайншанд, Замын-Үүд, Хөвсгөл сумын тэмээчид, өвлөн уламжлагчдын 36 дэс, 120 бүтээл, эд зүйлийг дэлгэжээ. Хоёр өдрийн турш 283 хүүхэд, 966 насанд хүрэгч, гадаадын 10 жуулчин нийт 1259 хүн тайлбартайгаар үзэж сонирхсон байна.
“Өв соёлын өргөө” гэрт
язгуур урлагийн бэсрэг тоглолтыг дөрвөн удаа
иргэдэд тоглож толилуулсан
бөгөөд хөөмий, уран нугаралт, ерөөл магтаал, уртын дуу, морин хуур зэрэг
нутгийн онцлог бүхий ховор өвүүдийг өвлөн уламжлагчид үзүүлжээ. Мөн тус музейгээс хэрэгжүүлдэг “Миний монгол хувцас”, “Монгол гэр”,
“Шагайн наадгай”, “Монгол өв соёл” зэрэг уламжлалт соёл, тоглоом наадгай, танин
мэдэхүйн ач холбогдол бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлж, тэмээний ноосоор түүдэг
хийх, дээс томох, ноосон эдлэл хэрэглэл хийхийн тулд ноос боловсруулах, гар машин зэрэг эд зүйлийг танилцуулж, оролцогчдоор хийлгэн заажээ.
Ташрамд, өнгөрсөн хугацаанд Дорноговь аймгийн тэмээчдийн дундаас Хөдөлмөрийн баатар хоёр, Монгол Улсын гавьяат малчин дөрөв, Монгол Улсын хошой аварга малчин хоёр, Монгол Улсын аварга малчин 19 төрөн гарчээ.

