ЗАВХАН: “ХасLab” лаборатори байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-02-04 14:26:43

Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Чандмань эрдэнэ ерөнхий боловсролын сургууль дээр “ХасLab” компьютерын лабораторийг шинээр байгуулж, албан ёсоор нээлтээ хийлээ.


Тус лабораторийг “Хөгжлийн алтан сан” төрийн бус байгууллагын санаачилгаар, Хас банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “ХасLab” төслийн хүрээнд нээж буй юм.


Уг төсөл нь 2024 оноос эхлэн орон нутгийн сургуулиудын компьютер, техник тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын суралцах орчныг сайжруулах зорилготойгоор хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд энэ онд Завхан аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Чандмань эрдэнэ сургуульд Боловсролын яамны стандартын шаардлагад нийцсэн, 20 иж бүрэн компьютертэй, ширээ, сандал бүхий “ХасLab” компьютерын лабораторийг тохижуулж ашиглалтад орууллаа. Мөн аймгийн Политехникийн сургууль дээр нийт 16 компьютер сурагч, багшийн ширээ сандал бүхий иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүн, тухайн танхимыг бүрэн тохижуулж засварлан “ХасLab” компьютерын лабораторийг шинээр байгуулж хүлээлгэн өглөө.


Шинээр нээсэн лаборатори нь сурагчдад мэдээллийн технологийн хичээлийг орчин үеийн, бүтээлч орчинд илүү хүртээмжтэйгээр судлах боломжийг бүрдүүлж, тэдний технологийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд бодитой дэмжлэг болох юм.


Түүнчлэн хүүхдүүдийн сурах орчныг сайжруулсан, иж бүрэн  компьютерын лабораторийг байгуулж өгч буй энэхүү хөрөнгө оруулалт нь банкны салбартаа анхдагч хөрөнгө оруулалт юм гэж нээлтийн үеэр Хас банкны Завхан салбарын захирал Б.Гүррагчаа хэллээ.


Чандмань эрдэнэ сургуульд 1660 суралцагч суралцдаг бөгөөд Eduten, Pearson олон улсын сургалтын хөтөлбөрт нийт сурагчдын 60 гаруй хувь хамрагдаж байна. Суралцагчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж, ээлжийн коэффициент 1.7-д хүрсэн нь сургалтын орчныг өргөжүүлэх, дижитал сургалтыг сайжруулах бодит шаардлагыг бий болгожээ.

Судалгааны дүнгээс үзэхэд компьютерын лаборатори, дижитал ангид тогтмол суралцаж буй сурагчдын хичээлийн ирц нэмэгдэж, олимпиад, уралдаанд оролцох идэвх дээшилж, сурлагын чанар болон дундаж үзүүлэлт сайжирдаг нь тогтоогджээ. Иймд “ХасLab” лаборатори нь сурагчдын боловсролын чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.


Энэ үеэр Чандмань эрдэнэ сургуулийн захирал Д.Хоролгарав, “Хүүхэд, залуусын суралцах таатай орчныг бүрдүүлэх, техник тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, технологид суурилсан боловсролыг тэгш хүртээмжтэй олгоход бодит дэмжлэг үзүүлж, боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Хас банкны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.

“ХасLab” лабораторид хүүхдүүд эхний хичээлээ үзэв

“ХасLab” лабораторийн нээлтэд Хас банкны Завхан салбарын захирал Б.Гүррагчаа, Завхан аймгийн ЗДТГ-ын дарга Т.Ренчинванжил, аймгийн Боловсролын газрын дарга Д.Бямбацогт, Чандмань эрдэнэ сургуулийн захирал Д.Хоролгарав нар оролцлоо.

Related news