ЗАВХАН: Тарвагатай нурууны амьтдад биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын захиргаа болон Их-Уул сумын байгаль хамгаалагчид тусгай хамгаалалттай газруудад зэрлэг амьтдыг хамгаалах, өвөлжилт, хаваржилтыг дэмжих зорилгоор биотехникийн арга хэмжээг хэрэгжүүллээ.
Их-Уул сумын нутаг дахь Дунд Цэцүүх, Халуун усны рашаан, Бэлчир–Эрээн зэрэг газарт өвс, тэжээл байршуулсан байна. Энэ үеэр байгаль хамгаалагчид 18 боодол өвс, 60 кг шороон хужир, 30 кг мөсөн хужир тавьж, зэрлэг амьтдын идэш тэжээлийн нөөцийг нэмэгдүүлжээ.
Тарвагатай нуруу нь Завхан аймгийн Алдархаан, Идэр, Булнай,
Их-Уул, мөн Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэрт оршдог. Монгол орны
хамгийн том гол болох Сэлэнгэ мөрний эх, ус хагалбарын бүс нутагт хамаарах
бөгөөд эмчилгээний чанартай рашааны нөөц ихтэй учир 2000 онд Улсын Их Хурлын 29
дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байна.
Тус нуруу нь Идэр, Тэрхийн голын хооронд сунаж оршдог бөгөөд 2567–3226 метрийн өндөрт өргөгдсөн, гүн хөндий, эгц цавчим хажуутай уулсаас бүрддэг. Зарим жилд цас бүрэн хайлдаггүй, Хангайн өндөр уулын чийглэг сэрүүн бүсэд багтдаг учир буга, бор гөрөөс, аргаль, янгир зэрэг ховор туруутан амьтдыг өвөл, хаврын тарчиг үед хамгаалах биотехникийн арга хэмжээ онцгой чухал юм.
Мөн тус газар нутагт өвөлжиж буй айлуудад тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийг дагах, ойн болон туруутан амьтдын бэлчээрийг шахахгүй байх, тэдний амьдрах орчныг хамгаалах, тэтгэх талаар заавар, зөвлөмж өглөө.
Байгаль, цаг уурын хүндрэлтэй энэ үед зэрлэг амьтдад чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, мэргэжлийн байгууллагууд, байгаль хамгаалагчид, нутгийн иргэд хамтран ажиллах нь үр дүнтэй юм.
Зэрлэг ан амьтан нь Монгол орны үнэт баялаг бөгөөд түүнийг зөв зохистой ашиглах, хамгаалах, судлах нь бидний үүрэг юм. Иймээс зэрлэг ан амьтдыг хамгаалахад олон нийтийн хамтын оролцоо чухал ач холбогдолтойг Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газраас мэдээллээ.

Тарвагатайн нуруу нь хангайн өндөр уулын чийглэг сэрүүн мужид багтдаг.
Энд туруутан амьтдаас буга, бор гөрөөс, аргаль, янгир бий.
