ЗАВХАН: Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 66 хувийг гурилан бүтээгдэхүүн эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 66 хувийг гурилан бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 21 үйлдвэр гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэн иргэдийн хүнсний хэрэгцээг хангаж байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд тус аймагт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнд тооцогдох гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл тогтвортой нэмэгдэж, дотоодын хэрэгцээг хангах хувь өссөн байна.
Энэ нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний
хөдөлгөөний хүрээнд төрөөс бодлогоор үйлдвэрлэгчдийг дэмжин ажилласны бодит үр
дүн юм. Тодруулбал, гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн
онтой харьцуулахад 1 хувиар нэмэгджээ.
Гурил, гурилан бүтээгдэхүүн нь хүн амын өргөн хэрэглээний
бүтээгдэхүүний нэг бөгөөд хоногийн хүнсний хэрэглээнд эзлэх хувийг тодорхойлсон
судалгааны дүнгээр үр тариа болон түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, тухайлбал
гурил, гурилан бүтээгдэхүүн нь хоногийн хэрэглээний 63 хувийг эзэлдэг байна.
Иймд дээрх үйлдвэрүүдэд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын шаардлага,
стандартыг чанд мөрдүүлэн ажиллаж байна.
Орон нутгийн үйлдвэрийн талх, нарийн боов дунджаар 2500–3500
төгрөгийн үнэтэй байгаа бол Улаанбаатар хотоос нийлүүлэгдэж буй үйлдвэрийн
талх, нарийн боовны үнэ дунджаар 3500–7500 төгрөг байна. Үүнтэй холбоотойгоор
иргэд орон нутгийн, дотоодын үйлдвэрийн талх, нарийн боовыг худалдан авах
сонирхол нэмэгдсэнийг статистикийн судалгааны дүн харуулж байна.
Аймгийн хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ
Улаанбаатар хот болон баруун бүсийн бусад аймагтай харьцуулахад өндөр байгаа
тул дээрх бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэр
эрхлэгчдийг дэмжихэд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй. Ялангуяа гурилан
бүтээгдэхүүн, мах, сүү, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангах
зорилтыг энэ онд бодит ажил болгохоор төлөвлөж байгааг Завхан аймгийн Хүнс,
хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.