БАЯНХОНГОР: Хурдан цэгээр 46 мянга гаруй үйлчилгээ хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-02-03 15:14:50

Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсээс төрийн үйлчилгээний Хурдан цэгийг аймгийн ЗДТГ болон Нэгдсэн эмнэлгийн байранд тогтмол ажиллуулж байна.


Тус цэгүүдээр дамжуулан өнгөрсөн онд аймгийн төвийн иргэд 34 мянга гаруй төрийн үйлчилгээ авсан бол аймгийн хэмжээнд 46 мянга гаруй үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллажээ.

Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН 24/7” ухаалаг цэгүүдийг аймгийн Цагдаагийн газар, Авто тээврийн төв зэрэг хүн амын төвлөрөл ихтэй байршлуудад байгуулж, төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй хүргэж байна. Эдгээр цэгээр дамжуулан иргэд ихэвчлэн иргэний үнэмлэх, оршин суугаа хаяг, нийгмийн даатгал, жолоочийн мэдээлэл болон зээлийн мэдээллийн лавлагаа авдаг талаар тус хэлтсийн мэргэжилтэн мэдээллээ.

Төрийн цахим үйлчилгээний Хурдан цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт авахын зэрэгцээ гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг үйлчилгээг авах боломжтой бөгөөд 39 төрийн байгууллагын 440 гаруй үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах ажил шат дараатай үргэлжилж байна.

Related news