БАЯНХОНГОР: Харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-02-02 16:24:53
Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат эрхлэх асуудлын хүрээний 28 агентлаг болон ОНӨААТҮГ-ын удирдлагуудтай 2026 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээ нь албан байгууллагын удирдлагууд төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, төсвийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэхэд аймгийн Засаг дарга, албан байгууллагын дарга нарын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгон, төрийн ба нийтлэг үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэж буй юм.

Мөн үеэр Засаг дарга Э.Энхбат, "Харьяа агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ нь зөвхөн салбарын бодлого, дээд шатны төв байгууллагын удирдлагаар ажилладаг, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд орон нутгийн бодлого, чиглэлийг орхигдуулдаг асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн хөгжилд тодорхой оролцоотой байх зорилгыг агуулж байгаа" хэмээн онцлоод хуулийн хүрээнд, нэгдмэл байдалтай, хүний эрхийн мэдрэмжтэй, иргэн төвтэй, чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлж, утааг бууруулахад оролцоогоо хангаж, нэрлэсэн жилд бодит оролцоотой ажиллахыг төрийн байгууллагын нийт удирдлагуудаас хүсэв.

Мөн энэ өдөр аймгийн ИТХ-ын дарга Б.Батсуурь, аймгийн Засаг дарга Э.Энхбат нар 20 сумын удирдлагуудтай 2026 онд хамтран ажиллах үр дүнгийн дөрвөн талт гэрээ байгууллаа.

Энэ жилийн гэрээ нь тухайн сумын ИТХ-тай хамтран байгуулж байгаа нь гүйцэтгэх засаглал, нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтран үүрэг хүлээх, хуулиар олгосон чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж байгааг тодорхойлох, хэмжих боломжийг бүрдүүлнэ үзэж байгаа юм.
Related news