ДОРНОГОВЬ: Эмэгтэй тэмээчид Гиннесийн амжилт тогтоох оролдлого хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-02-02 15:01:51

Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дорноговийнхон тэмээгээ түм түмээр өсгөсний баяраа тэмдэглэн “Их говийн тэмээ-2026” уламжлалт наадмаа Хамарын хийд явах зам дагуу байрлах Далайн талд зохион байгууллаа.


Одоогоос 11 жилийн өмнө эхэлсэн тэмээний наадмыг өнгөрсөн оноос “Их говийн тэмээ” нэрээр нэрлэж заншсан байна. Наадмын эхэнд тэмээн сүргээ өсгөж үржүүлсэн тэмээчдэд төрийн дээд шагнал гардуулсан бол, 14 сумын тэмээчид тэмээгээ зэрэг унаж жагсаалаараа алхан, талбайг тойрон үзэгч олонтой мэндчилжээ.


Монгол тэмээг сурталчлах, тэмээний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уламжлалт наадмыг энэ жил Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, БНМАУ-ын анхны тэмээчин, Хөдөлмөрийн баатар Насангийн Хүрээтийн нэрэмжит болгож, “Гиннест хүрэх зам” уриан дор тэмдэглэжээ.


Тус наадамд оролцсон 1004 тэмээ нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, БНМАУ-ын аварга малчин, эмнэг сургалтын спортын мастер, хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Гавьяат малчин цол хүртсэн Эрдэнийн Баярмагнайгийн өсгөж үржүүлсэн тэмээн сүргээс бүрдсэн бөгөөд энэ нь цаашид говь нутгийн бахархал болсон тэмээн сүрэг түм бумар өсөхийг бэлгэдсэн агуулгатай байлаа.

Говь нутгийн бүсгүйчүүдийн алдрыг дуурсгах, тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 223 тэмээ унасан бүсгүйг нэгэн зэрэг жагсаалаар явуулж, Гиннесийн амжилтад бүртгүүлэх оролдлого хийхээр төлөвлөсөн ч тэмээ унаж оролцох бүсгүйчүүдийн тоо 350 хүрчээ.


Тиймээс 350 бүсгүй зэрэг тэмээ унаж, тэмээгээр гоёж, олны өмнө жагссан билээ. Эл үйл явдлыг видео, фото зургаар нарийвчлан буулгаж, зохих дүрэм журмын дагуу мэдээллийг боловсруулан, Гиннесийн амжилтад бүртгүүлэхээр Ажлын хэсэг ажиллаж байгааг албаныхан дуулгалаа.


Улаанбадрах сум шилдэг сумаар шалгарав

 

Энэ үеэр тэмээний соёлыг өвлөн уламжлагчдын дунд ур чадварын тэмцээн, атан тэмээний холын болон ойрын зайн уралдаан, шилбэн тайлагны уралдаан, хөгшин тайлагны уралдаан, торомны уралдаан, мөн ашиг шим сайтай ингэ, буурь, сайхан тэмээтэй ганган хос шалгаруулах уралдаан зохион байгуулав.


“Их говийн тэмээ-2026” наадамд тэгш оролцоог хангаж 300 гаруй тэмээ, 70 гаруй тэмээчин малчидтай оролцсон Улаанбадрах сум шилдгээр шалгарч “Мөнгөн буйл” шагналыг хоёр жил дараалан хүртлээ.


Тус сум 2025 оны жилийн эцсээр 6000 гаруй тэмээ тоолуулж аймагтаа хоёрдугаар байрт жагсдаг бол энэ сумаас Монгол Улсын аварга малчин, тэмээчин Н.Ариунболд төрөн гарчээ.

 

Мандах сум 31 жилийн дараа "Мөнгөн буйл"-аар шагнууллаа

Харин  Мандах сум “Их говийн тэмээ-2026” наадмын үеэр “Мөнгөн буйл” шагналыг 3 дахь удаагаа хүртлээ. Тус сум 2025 оны жилийн эцсээр 12307 тэмээ тоолуулж тэмээгээ өмнөх оныхоос 6.8 хувиар өсгөсөн амжилтаар аймагтаа сүүлийн жилүүдэд хошуучилж байна. Мандах сум эрт үеэс тэмээн сүргээрээ алдартай. 


Түшх сөхвөл, 1975, 1995 онд  түмэн тэмээ тоолуулж "Мөнгөн буйл"-ны эзэн болж байсан бол  2026 онд мөн “Мөнгөн буйл” шагналыг гурав дахь удаагаа хүртсэн байна.


Улаанбадрах сумын залуу малчин А.Уранзаяа: Говийн бүсгүйчүүд тэмээ унаж Гиннесийн номд бичигдэх оролдлого хийсэн нь маш сайхан үйл явдал боллоо


Дорноговь аймгийн бүх сумын эмэгтэйчүүд тэмээ унаж гиннест бүртгүүлэх анхны оролдлого хийсэн нь маш сайхан үйл явдал боллоо. Энэ үйл явдлыг геннест бүртгүүлэх байх аа гэж итгэж байна.  Би ч бас энэиүйл явдлын оролцогч нь боллоо.


Миний хоёр тэмээ 10,11 настай. 2023 оноос сайхан хосын тэмцээнд орж анх мөнгөн медаль авч, дараа нь “Их говийн тэмээ” наадамд оролцож түрүүлж байлаа. Залуучууддаа хандаж тэмээгээ унаж эдлэх нь хамгийн чухал шүү гэдгийг хэлье.


Монголчууд тэмээн сүргийг эртнээс гаршуулан маллаж ирсэн асар их өв соёлтой. Тэр тусмаа говийнхон тэмээний өв соёлыг дэлгэрүүлж олон зуун жил өвлөн уламжилж, дөрвөн улирлын ааш аягт тохируулан тэмээгээр нүүдэллэж, амьдралдаа хэрэглэж ирсний баталгаа нь түүхэн онц цагийн хуанлиагаас тодхон харагдана.


Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Дорноговь аймгийн тэмээчдийн дундаас Хөдөлмөрийн баатар хоёр, Монгол Улсын гавьяат малчин дөрөв, Монгол Улсын хошой аварга малчин хоёр, Монгол Улсын аварга малчин 19 төрөн гарчээ.  


Мөн тэмээний баяр наадмын үеэр аймгийн ИТХ-аас шинэ ботго бүрт жил бүр урамшуулал олгохоор шийдвэрлэснийг зарласан юм. Манай дэлхий дээр 40 гаруй сая тэмээ  байдаг бөгөөд үүний хоёр сая нь хоёр бөхтэй тэмээ юм.


Харин үүний хагас сая нь Монгол Улсад идээшин нутагшдаг бол 61.900 мянга нь Дорноговь аймагт идээшин нутагшиж байна.


Ташрамд, Дорноговь аймгийн тэмээн сүрэг 2024 оны жилийн эцсээр 58,119 тэмээ байсан бол 2025 онд 61,900 болж өссөн үзүүлэлт гарч тэмээн сүргийн тоогоор Өмнөговь аймгийн дараа улсдаа хоёрдугаарт жагсаад байна.  

Related news