БАЯНХОНГОР: Камерын хяналтыг сайжруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. “Камерын хяналтын дэд төв”-өөр дамжуулан 113 цэгт 216 хяналтын камер ажиллуулж байна.
Гэмт хэрэг зөрчлийг бууруулах, иргэдэд амар тайван, аюулгүй орчин бүрдүүлэхээр байгуулсан “Камерын хяналтын дэд төв” аймгийн төвөөс гадна сум, сургууль, цэцэрлэгийн орчим, гэр хорооллын болон тусгай бүсүүдэд хяналт тавьж байна.
Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл, аймгийн ЗДТГ, Цагдаагийн газраас хамтран “Ногоон бүс” төслийн хүрээнд “Камерын хяналтын дэд төв”-ийг байгуулаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм.
Аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилтын хүрээнд камерын хяналтын нэгдсэн төвийг нэвтрүүлсэн улсын сайн жишгээс аймаг, орон нутгийн удирдлагууд туршлага судалж орон нутагтаа нэвтрүүлжээ.
Аймгийн хэмжээнд хяналтын 332, иргэн, ААН, байгууллагын 1187 камер, хөдөлгөөнт 32, чиглэлийн 287, дугаар илрүүлэгч, дундаж хурдны найман камер тогтмол ажиллаж байна.