ЗАВХАН: Монгол дархны бүтээл нум, сум хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-01-29 11:31:44

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимд нутгийн уран дархчуудын урласан олон бүтээл бий.


Үүний нэг нь 1930-аад онд бүтээсэн нум, сум саадаг юм. Нумын эх биеийг модоор хийж, булигаараар бүрж, төмөр хээ гаргаж тоноглосон байна. 


Сумыг нь хулсаар хийж ир хэсгийг нь ромбо хэлбэртэй урлажээ. Сумны ар хэсэгт шувууны гурван ширхэг өдийг нааж байрлуулжээ. Нум нь халх эвэр нум бөгөөд, ногоон, шар улаан будгаар хээлсэн байна. Саадаг нь булигааран бөгөөд төмрөөр хээлж гоёжээ. Нум сум саадагт мод, булигаар, төмөр, гууль, хулс, шувууны өд, могойн арьс, уламжлалт шороон будаг, сатурка, даавууг ашиглаж монгол дарханы ур ухаанаар бүтээжээ.


Нум, сум, саадгийг Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны уран дархан Б.Гүрбадам 1930-аад оны үед бүтээсэн байна.

1975 онд Завхан аймгийн музейн сан хөмрөгт түүний ач хүү Д.Дагвадорж хандивласнаар өдгөө угсаатны зүйн танхимд 51 жил хадгалагдаж байна.


Монголчуудын нум, сумыг шүтэх, хүндлэх, дээдлэх ёс уламжлалтай. Баримт түүхүүдээс үзэхэд, эрт дээр үеэс монгол айл өрх бүр гэрийнхээ хойморт нум, сумаа дээдлэн залж "Далдын ад зэтгэрийн нөлөөнөөс амь нас, мал сүргээ хамгаалах зэвсэг нь хүчит нум сум юм" хэмээн бэлэгшээн шүтэж байсан нь одоог хүртэл өв уламжлан ирсэн байдаг.


Мөн хүүхдийн баривчны ард нум, сумны дүрс хайчлан оёж "Хөлд хурдан орж, хөл нь бат бэх болог" хэмээгээд, эрүүл энх хүн болон өсөхөд учирч болзошгүй гадны аюулыг нум сумаар хөөн зайлуулахаар бэлэгшээдэг байв.


Нум бол хүчирхэг бат бэх зэвсэг хэмээн эрхэмлэж бэлэгшээн, адуун сүргээ нуман тамгаар тамгалсан байдаг. Сумтай нуман тамга хэрэглэдэг айл сумыг нь малын толгой тал руу харуулж дарах тохиолдол манай аймгийн зарим сумуудад одоо ч бий.

Энэ нь голдуу удам дамжсан хурдан морьтой айл хэрэглэдэг байрлал юм. Ийнхүү сумыг урагш харуулж дардаг нь сум мэт урагш тэмүүлж, хурдан байхыг бэлэгдсэн зан үйл юм. Бид эртнээс бэлэгшээн хүндэтгэн шүтэж ирсэн нум, сумаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх, таниулах нь чухал юм. Тиймээс бид үзмэрүүдийн түүхийг таниулахдаа тухайн үзмэрийн уламжлал, ёс жаягыг ч хүүхэд багачуудад таниулахыг зорьдог хэмээн Завхан аймгийн музейн тайлбарлагч хэллээ. 


Related news