БАЯНХОНГОР: Өндөгний үйлдвэрлэл дотоодын хэрэгцээг хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-28 10:02:13
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт суманд үйл ажиллагаа явуулдаг “Агин” өндөгний үйлдвэр хоёр жилийн хугацаанд 2500 тахиаг тав дахин нэмэгдүүлж, бүрэн автоматжсан техник технологитой хоёр аж ахуйн байртай болсон байна.

“Агин” өндөгний үйлдвэр 2010 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж, амт чанар сайтай өндгөөр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байна. Тус үйлдвэр мэргэжлийн лабораторид улирал тутам бүтээгдэхүүний дээжийг шинжлүүлдэг бөгөөд Баянхонгор, Өвөрхангай аймгийн зарим суманд ч бүтээгдэхүүнээ түгээн худалддаг байна.

Орон нутгийнхаа өндөгний хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай болсон тус үйлдвэр одоогоор 12 мянга гаруй өндөглөгч тахиатай бөгөөд өдөрт 10-11 мянган ширхэг өндөг зах зээлд нийлүүлж байна.

Тус үйлдвэр байрны өргөтгөлдөө 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгож буй хөнгөлөлттэй зээлээр 215 сая төгрөгийг санхүүжүүлжээ. Агаарын сэлгэлт, чийгшүүлэлтийг бүрэн автоматжуулснаар өндөгний гарц тогтвортой, хэмжээ хэлбэлзэлгүйгээр илүү үр ашигтай болсон байна.

Related news