БАЯНХОНГОР: Толгойн боолт нь эхнэр хүний зиндааг илтгэдэг байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-28 09:50:11
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Ламын гэгээний дархан Лувсандоржийн бүтээсэн иж бүрэн толгойн боолт нь Баянхонгор аймгийн музейн онцлох үзмэрүүдийн нэг юм.


Үсний хавчаар, унжлага, оройвч бүхий энэхүү гоёлыг цэвэр мөнгөөр урлаж, шүр шигтгэж чимэглэсэн хийцтэй. Толгойн боолтны оройвчны дээд тал нь битүү байх нь дээд зэрэг дэвтэй ноён хүний эхнэр өмсөх гоёл болохыг илтгэдэг.


Эрт дээр үед эмэгтэйчүүд яс, чулуунаас эхлэн алт, мөнгөн чимэглэлээр гоёдог байсан бөгөөд толгойн боолт нь газар бүрд өөр өөр хэлбэртэй байсан байна. Энэхүү боолт нь шилэвч, сойлт, шанаавч, хом хавчиг, туйвны боолт, туйвны хавчиг зэрэг олон зүйлээс бүрддэг. Сайн дархчууд толгойн боолтын хээг дэвсгэргүй урладаг байжээ.


Толгойн боолт нь бөмбөгөр дугараг хэлбэртэй бөгөөд мөнгө, алтан шармалаар урлаж, шүр, сувдаар чимэглэн гоёмсог хээ угалз гаргасан байдаг. Энэхүү боолт тухайн эхнэрийн зэрэг зиндааг илтгэдэг байсан бөгөөд жин нь хамгийн багадаа 2 кг, том нь 15 кг, түүнээс ч илүү байсан гэдэг.


Эхнэр хүний толгойн боолт:

Бүтээсэн цаг: XX зууны эхэн
Материал: мөнгө, шүр, оюу, хуван шигтгээ
Хэмжээ: 6.5х48 см
Жин: 2830 гр


Related news