ЗАВХАН: Европын холбооны дэмжлэгээр хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Европын Холбооноос
Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните Завхан
аймагт ажиллаж байна.
Элчин сайд Ина Марчюлёните, Европын холбооны төлөөлөгчийн газрын улс төрийн зөвлөх С.Ганчимэг, хөтөлбөрийн менежер Г.Пүрэвтогтох, НҮБХХ-ийн ажилтан Х.Отгонгэрэл нар өнөөдөр Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяртай уулзлаа.
Энэ үеэр Европын холбооны дэмжлэгтэйгээр Завхан аймагт хэрэгжсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Орон нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, Иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмрийг нэмэгдүүлэх, Жендэрийн тэгш байдлын үндэсний мэдлэгийг бэхжүүлэх, Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцлаа. Мөн цаашид дэд бүтцийн болон бусад салбарт хамтран ажиллах талаар ярилцлаа гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Ташрамд Европын Холбоо, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-тай хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг 2020 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлсэн.
Төслийн хүрээнд Монгол улсын хөгжлийн бодлого, төсвийн
уялдааг хангахад дэмжлэг үзүүлж, улмаар зургаан төсвийн ерөнхийлөн захирагч
болон аймаг орон нутгийн түвшинд 2025 оны төсвийн төслийг үр дүнд суурилан
боловсруулж, 2023 жилийн эцэс болон 2024 оны төсвийн эхний хагас жилийн
хөтөлбөр, арга хэмжээд зарцуулсан төсөв, хүрсэн үр дүнгийн тайланг
боловсруулан, нийтэлсэн байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд үр дүнтэй, үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг нэвтрүүлэх, цалинтай болон хувиараа хөдөлмөр эрхлэх боломжуудыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт эрэлтэд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах. Хүртээмжтэй сургалтын орчин бий болгох, түүнчлэн Үндэсний мэргэшлийн шаталсан бүтэц батлуулах, Боловсролын олон улсын стандарт ангилалтай нийцүүлэх зэрэг ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн байна.
