БАЯНХОНГОР: Цагаан агуйн олдворууд хүн үүслийн ул мөрийг илтгэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-27 11:25:01

Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. 1996 онд Америк, Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан экспедиц Хонгор нутгаас олсон олдвор дэлхий дээр одоогоос 750-800 мянган жилийн өмнө хүн амьдарч байсан болохыг нотолж байна.

Хүн үүслийн ул мөрийг илтгэх Цагаан агуй Баянхонгор аймгийн Баянлиг суманд байх агаад тус сум Улаанбаатараас 870, аймгийнхаа төвөөс 240 км зайд оршдог. Харин Цагаан агуй Их богдын нурууны Цагаан ууланд, сумын төвөөс зүн хойд зүгт 40 километр зайд оршино.

Цагаан агуйд хийсэн малтлага судалгаа, чулуун зэвсгийн олдвор хэрэглэгдэхүүний хийц хэв загвар, соёлт давхаргаас авсан дээжид хийсэн лабораторийн нарийн шинжилгээ зэргээс үндэслэн хуучин чулуун зэвсгийн үеэс неолитын үе хүртэл энэ агуйд эртний хүмүүс тасралтгүй амьдарч байсан нь нотолдог. Тэдгээр хүмүүсийн үлдээсэн чулуун зэвсгийн дурсгал агуйг малтахад хэдэн мянгаараа олдсон байна. Ийнхүү Монгол нутагт хүн хэдий үеэс амьдарч эхэлснийг он цагийн баттай баримтаар баталсан анхны томоохон судалгаа бол Цагаан агуйнх байжээ.


Цагаан агуйн чулуун зэвсгийн олдворуудыг гурван үндсэн үед хуваан үздэг бөгөөд агуйн он цагийг тогтоох судалгааг ОХУ, АНУ-ын эрдэмтэд хийсэн байдаг. Агуйгаас олдсон тэдгээр чулуун зэвсгүүдийг Францын чулуун зэвсгийн сонгодог олдворуудтай харьцуулан судалж “Олдувайн” үед хамаарахыг тогтоосон байна. Олдувайн үе гэдэг нь МЭӨ 800 000-700 000 жилийн үеийг хамрах аж.


Агуйн үүд нь баруун урд зүг рүү харсан байдалтай, нийтдээ 38 метр урт үргэлжилсэн, нэгээс нөгөө рүү дамжсан гурван үндсэн тасалгаатай. Эхний тасалгаа 12 метр урт, 9 метр өргөн, 10 метр өндөр, хоёр дахь тасалгаа нь 7х8х9 метр харьцаатай, гурав дахь тасалгаа нь 5х4х4 метр хэмжээтэй. Эхний тасалгааны адарт гэрийн тоононы чинээ том онгорхой нүхтэй, гурав дахь тасалгааны баруун дээд хэсгээс 2 метр өргөн, 10 метр урт хонгил салаалж гардаг.

Цагаан агуй нь шохойн чулуулгийн гаралтай бөгөөд хоёр дахь тасалгааны адарт жоншны болрын том том талст бүхий ургацуудтай. Гэрэл тусгахад маш гоёмсгоор гялтганан харагддаг онцлогтой.

Related news