БАЯНХОНГОР: Шүтээн хайрхнаа гурав хоног наадам хийж тахидаг байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын сарын 26 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут сумын төвийн хоймор, Баянхонгор хайрхны элгэнд халз тогтсон элс бий. Энэхүү элсийг амандаа хийхэд уусдаг онцлогтой бөгөөд нутгийнхан “хайлдаг элс” хэмээн хайрлан дээдэлдэг.
Тухайн элс яагаад хайлдаг болохыг одоогоор тогтоогоогүй ч, нутгийнхан үүнийг “бурхны хоол”, “буян хишгийн идээ” гэхчилэн сүсэглэн хэрэглэдэг. Хол, ойрын жуулчид ч элсний ид шидийг мэдрэхээр тухайн нутгийг зорих нь нэмэгджээ.
Элс нь тодорсон хайрхныг шүтсэн хүмүүс баян, тансаг амьдрах хандлагатай байсан учраас тус уулыг Баянхонгор гэж нэрлэжээ. Тус аймгийг анх энэ уулын өвөрт байгуулж байсан тул Баянхонгор аймаг хэмээн нэрлэсэн түүхтэй.
Баянхонгор хайрхан нь Халхын Сайн ноён хан аймгийн Цогтой гүний, Дархан гүний хошуу болон Чин сүжигт номун ханы шавийн гурван хошууны ард түмний дээдэлж тахиж ирсэн шүтээн хайрхан юм. Эрт цагт нутгийнхан Баянхонгор хайрханд гурав хоног наадам хийж тахидаг байжээ.
Баянхонгор хайрхан уулыг 2009 оны аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Аймгийн тахилгат” уул болгон, дөрвөн жилд нэг удаа тахиж байх шийдвэр гаргасан байна. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дурсгалт газрын ангиллаар бүртгэжээ.
Галуут сум аймгийн төвөөс 86 км, нийслэл Улаанбаатар хотоос 728 км зайд оршдог.