ЗАВХАН: Малчдын гар дээрээс малын түүхий эдийг авч найдвартай түншлэлийг бий болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймагт малчдын хоршоодын үйлдвэрлэсэн мал, мах, ноос, ноолуурыг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх түншлэлийг хөгжүүлэх зорилготой сургалт, үзэсгэлэн боллоо.
“Төр, хувийн хэвшил, малчдын түншлэл–2026” сургалт, үзэсгэлэнг Адапт төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Завхан аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгууллаа.
Сургалт, үзэсгэлэнд Завхан аймгийн 11 сумын 50 малчдын хоршоо, бэлчээрийн менежментийг хэрэгжүүлж буй малчид, мөн Улаанбаатар хотоос ноос, ноолуур, мах боловсруулах үндэсний 10 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү үйл ажиллагаа нь үндэсний үйлдвэрүүдэд орон нутгийн хоршоод, малчдын хооронд түүхий эд бэлтгэн нийлүүлэх, урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах боломжийг олгосон юм.
Малчид чанартай мал, мах, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүнээ хоршоогоор дамжуулан үйлдвэрт шууд нийлүүлэх боломжтой юм.
Тиймээс үйл ажиллагааны хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг байгуулсан байна. Гэрээний хүрээнд цаашид малчдын хоршоодын үйлдвэрлэсэн мал, мах, ноос, ноолуурыг тухайн зах зээлийн үнээр нь үндэсний болон орон нутгийн үйлдвэрүүд худалдан авах түншлэлийг бий болгох юм. Мөн малчид, малчдын хоршооныхонд мал, мах түүхий эдээ хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингэсэн малын гаралтай бүтээгдэхүүнээ сурталчлах, мал махны гарал үүсэл, чанарыг сайжруулах, бүртгэх гэхчлэн олон талын мэдлэг ойлголтыг өгсөн сургалт боллоо.
Өөрөөр хэлбэл, малчдад мал аж ахуйн үйлдвэрлэл болон нэмүү өртгийн сүлжээнд холбогдох сургалт, мэдээллийг Эй Райм хараат бус судалгааны хүрээлэн болон Дижитал Агро ХХК танилцуулж, заавар зөвлөгөө өгсөн гэж Адапт төслийн Завхан аймгийн зохицуулагч Ц.Энхтуяа мэдээлэв.
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Завхан аймаг таван жилийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаа цаг үеэ олсон ажил бөгөөд аймгийн нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангахаар зорьж ажиллаж байгаа юм. Мөн мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх зорилтоо хэрэгжүүлснээр дотоодын үйлдвэрлэлд бодит үр дүн гаргахад малчид, малчдын хоршооныхон мэдлэг, ойлголттой болсон гэж Завхан аймгийн ХХААГ-аас нэмж мэдээлэв.