Би хамгийн олон урлагийн тоглолт үзсэн хүн байж мэднэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-02-03 15:13:35
Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/ Миний бие Баянхонгор аймгийнхаа Хөгжимт драмын театрт 30 жил гэрлийн техникчээр ажиллахдаа 10 мянга шахам тоглолтын гэрэлтүүлэг тавьж, давхардсан тоогоор 10 сая гаруй хүнд урлагийн үйлчилгээ хүргэжээ. Уран сайхны киног ч мөн олон давтамжтайгаар гаргаж байсан болохоор киног хамгийн түрүүнд, хамгийн олон удаа үзсэн хүн байж мэднэ.

Би Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг Сондол хэмээх газар малчин ардын гэр бүлд төрж, бага насаа хөдөө өнгөрөөсөн. Тухайн үед орон нутагт урлаг соёл болон кино үзвэрийн үйлчилгээ нүдний гэм. Хааяахан очиход нь аав ээж, ах эгчийгээ дагаж, алгасалгүй үзэхийг боддог байлаа. Насан багын энэхүү хүслээ биелүүлж, урлаг соёлын үйлчилгээг “алгасалгүй үзэж” энэ хүрсэн байна.

Тиймээс театрынхаа тайзнаа тавьсан бүтээлүүдийн эрт, дунд, одоо үеийн уран бүтээлчдийн болоод тухай тухай үеийн үзэгчдийнх нь онцлог ялгааг он цагтай нь хэлж чадах хэмжээнд байгаа минь мэргэжилдээ дурлаж ирсний баталгаа юм даа.

 

Цэвээний Батбаяр, 65 настай, Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул





Related news