ЗАВХАН: "Авга" овгийнхон XVII зуунаас хойш ирж суурьшжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-01-08 14:19:32

Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Эртний түүхтэй Улиастай хотын хүн ам нь Халхын голлох овгууд болох 27 овгийн хүн ам байгааг судалгаагаар тогтоожээ.


Өнгөрсөн оны 12 дугаар сард хэвлэгдсэн Завхан судлал 29-р ботид өгүүлснээр, Завхан аймгийн төв, Улиастай хотын хүн амын ургийн овгийг нь мөшгөн үзвэл Халхын голлох овгууд байгаа нь судалгаанаас мэдэгдэнэ.


Бид хүн амын ургийн овгийн талаар мөшгөн үзэхдээ 1990-ээд оноос хойших судалгааг голлохыг зорьсонгүй. Харин, ХХ зууны эхэн үеийн Улиастайн хүн ам, тэдгээрийн ургийн овгийг голлон судлан оруулахыг зорьсон болно.  

Учир нь 1950-аад оноос хойш Завхан аймгийн олон сумдаас Улиастай хотод шилжин суух явдал нэмэгдэж, 1990-ээд оноос мөн нэлээд нэмэгдсэн болох нь хүн амын тоо баримтаас илхэн. Тиймээс академич Б.Ринчин гуайн 1979 оны судалгаа 154, "БНМАУ-ын угсаатны зүй" тэргүүн боть 155, доктор Х.Нямбуу "Монголын угсаатны зүйн удиртгал" 156, профессор А.Очир "Монголчуудын гарал нэршил" 157 зэрэг судалгааны бүтээлүүд дэх мэдээ зангийг мөшгөн үзэж дараах овгууд голлож байсныг номд өгүүлсэн байна.


Үүнд, Авга, Баарин, Баатууд, Барга, Бичээч, Боржигон, Борх, Бэсүд, Дархад, Даян, Доной, Зээрд адуун, Жалайр, Иөншэбү, Монгол, Олхонуд, Саарал, Тайж, Урад, Чоно, Харнууд, Харчин, Харчу, Хатагин, Хороо, Хүрээ Уваши зэрэг овгууд юм.


Гэхдээ өдгөө Улиастай хотод зөвхөн эдгээр овгийн хүн ам сууж байна гэж үзэж болохгүй. Учир нь 1950, 1990-ээд оноос хойш Завхан аймгийн олон сумдаас, тэрчлэн бусад аймаг сумуудаас ч харилцан адилгүй ургийн овог бүхий хүмүүс ирж суусан нь мэдээж. Хүн амын ургийн овог яг энэ байдлаар бүрэлдэн тогтдог. Улиастай хотын хүн амын уугуул гэж хэлж болох дээрх ургийн овгуудаас “Авга” хэмээх овгийн тухайд, Монгол улсын Статистикийн мэдээллийн нэгдсэн сан, Хүн ам өрхийн мэдээллийн санд Авга хэмээх овогтой нийт 4689 хүн бүртгэгдсэн байна.


Авга хэмээх нь үгийн гарлын хувьд аавын төрлийн хүнийг авга хэмээнэ. Авга, Авга нар хэмээх овог нь нэлээд эртний түүхтэй.


Чингис хаан их Монгол улсыг байгуулсны хойно "Мөхөс би Бэлгүтэйн бөхөөр, Хасарын харвалгаар ертөнцийг эзэлвэй" хэмээн өөрийн дүү нарын гавъяаг өндрөөр үнэлэн хувь иргэн олгосон аж. Үүнээс Бэлгүтэйн хувь иргэн 1500 өрх Онон, Хэрлэн голын сав газар нутаглан байжээ. Бэлгүтэй нь Хутуху, Янсубуха, Гүнбуха гэсэн гурван хөвгүүнтэй бөгөөд Хубилай хааны үе гэхэд Бэлгүтэйн үр сад нь 800 хүн болсон гэдэг. Монголын их Юань гүрэн мөхсөний хойно Хасар, Бэлгүтэй, Хачиуны хойчис ноёлох аймгуудыг "Гурван оннигуд", Монгол хаадын "Гуя албат" гэх зэргээр тэмдэглэн мөн "Баруун гурван авга" хэмээн нэрийдэх болсон байна.


XVII зууны эхэн үе гэхэд тэдгээр аймгуудыг нийтэд нь "Авга", "Оннигуд" гэх болсон аж. Авга нар 1450 оны үед Бэлгүтэйн 8-р үеийн ач Муулихайн вангийн үед товойн гарч ирж байгаад удалгүй дарагдсан байна.


XVI зууны сүүл үеэс Ном Тэмгэт ханы хатан Сайн зул, Түмэдэй засагт, Будшир засагт, Сэцэн жонон тэргүүтэй баруун гурван авга нар Онон, Хэрлэн голын сав газар нутаглан байснаа өмнө тийш шахагдаж эхэлсэн аж.

Завхан аймгийн нутаг дахь Авга хэмээх овог нь 1582 онд Сайн зул хатныг даган Халхын баруун гарт нүүн, Засагт ханы харьяат болсон Авга нарын үлдэц юм.


1660 оны Засагт ханы хямралын үед Авга нар хуучин нутагт нутагшин Сэцэн ханд харьяалагдах болсон аж. Халхын хангуудын элдэв шахалтаас үүдэн 1665-1666 оны үед Сэрэн мэргэн, Түн исрэв нар харьяат албатаа аван өмнө зүгт нүүдэллэсэн бөгөөд харин Халхад үлдсэн Авга нь энэ үеэс овгийн байдалтайгаар орших болжээ. Улиастай хотод бүртгэгдсэн Авга овгийн хүмүүс XVII зуунаас хойш үед харилцан адилгүй шалтгаанаар ирж суусан тухай Завхан судлал 29-р боть, “Эртний түүхт Улиастай хот” номд өгүүлжээ.

Нүүрний зургийн тайлбар: Улиастай дахь Бээжин худалдаачдын лангууны өмнөх ард. 1892-1893 он.

Эх сурвалж: А.М.Позднеев “Монголия и монголы” 1898 он

 

Related news