ЗАВХАН: МЭӨ 3000 жилийн өмнөх хүрлийн үеийн дуут чулуу
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Соёлын өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй 667 дурсгалт газрын 6700 гаруй дурсгал Завхан аймагт байна.
Эдгээр үл хөдлөх дурсгал нь олон мэдээллийг хадгалж үлдсэн байдаг. Тиймээс сум бүрийн онцлог, түүх, соёл, зан заншлаа өвлүүлэн үлдээх нь ямар ач холбогдолтой болохыг хүүхэд залуучуудад таниулах нь чухал юм.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэдэг нь унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дангаар болон цогцолбор байдлаар орших дурсгалуудыг хэлдэг.
Тухайлбал, эртний ургамал, амьтны олдворт газар, эртний хүний оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга, чулуун зэвсгийн олдворт газар, хадны зураг, бичээс зэргийг үл хөдлөх дурсгалд оруулдаг.
Мөн булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж, эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгал, хөшөө дурсгал, эрт цагт ашигт малтмал олборлож, боловсруулж үйлдвэрлэл, газар тариалан эрхэлж байсан газар, түүнд холбогдох чулуун дурсгалуудыг мөн оруулдаг.
Түүнчлэн тахилгат
газар, түүхэн үйл явдал болсон дурсгалт газар, бусад түүх, соёлын үл хөдлөх
дурсгалуудыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулдаг юм. Эдгээр соёлын
биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд
хамааруулна хэмээн Завхан Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын соёлын
өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэндулам мэдээлэв.
Завхан аймгийн нутаг дэвсгэрт байгалийн болон түүх, соёлын дурсгалт газар элбэг. Үүний нэг нь Тэс сумын нутагт орших Дуут чулуу юм.
Дуут чулуу нь, Завхан аймгийн Тэс сумын төвөөс зүүн хойно 23 км-т байдаг. Уг дурсгал нь одоо байгаа төрхөөрөө дуут буюу дэрэн чулуу гэж нутгийнхан нэрлэдэг. Учир нь гурван жижиг чулуун дээр хар хөх чулууг хэвтээгээр нь байрлуулсан. Чулууны хэмжээний урт нь 85 см, өргөн нь 55 см, зузаан нь 32 см ба чулууны дээд хэсэгт 23 хонхор цэгэн тойргон бүслүүртэй. Хоёр хажуу талд яг ижил хэмжээтэй дугуй хэлбэрийн хонхойлгож дүрсэлсэн нь МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуу юм.
Уг чулууны нэг онцлог нь мод, чулуугаар цохиход яг хөндий
төмөр шиг дуугардаг байна. Мөн энд аялагчид, нутгийнхан ирэхдээ
зориудаар ая дан тоглож сонирхдог байна.