ХОВД: Алтайн салбар уулсаар салхи 14-16 м/с хүрч ширүүснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ихэнх нутгаар энэ сарын 7-8-нд салхи секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй.
Иймд иргэд, тээвэрчид хол ойр зорчихдоо аюулгүй байдлаа сайтар
хангаж, учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний
төвөөс анхаарууллаа.
Сүүлийн 7-10 хоногт цаг агаар
харьцангуй тогтуун байсан юм. Алтайн өвөр говийн сумдаар цас ихтэй байна.
Өмнөх сард хийсэн
судалгаагаар алтайн өвөр говийн сумдаар ууландаа 20-25, нам дор газраа 10-15,
хунгарласан газраас 40-60 см цастай байсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Алтай, Үенч
сумын нутгаар 16 см цастай байна.
Мөн Булган суманд найм, Чандмань суманд нэг, Дарви, Дөргөн суманд нэг см-ээс бага цасан бүрхүүл
тогтжээ.
Ихэнх гол, нуурын мөсний
даац хүн, мал, авто машин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, мөс
цөмрөх эрсдэлтэй байна.
Одоогоор Ховд аймгийн нутаг дахь Дунд цэнхэр, Долоон нуур, Бодонч, Үенч, Булган, Буянт гол болон Хар-Ус нуурын мөсний зузаан 10-65 см байна. Зарим голд мөсөн бүрхүүл бүрэн тогтоогүй байгаа тул иргэд, тээвэрчдийг гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчихгүй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс зөвлөлөө.