ЗАВХАН: Хөрсний гадаргын температур Тосонцэнгэлд -44 градус хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн таван суманд 12 дугаар сарын агаарын хамгийн бага температур нь -40
градус хүйтэн байсан тухай Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын уур
амьсгалын ерөнхий технологич инженер С.Цацрал мэдээлэв.
Өнгөрсөн оны 12 дугаар сард агаарын дундаж температур -20 градус буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 3 градусаар дулаан байсан ба өмнөх оны мөн үеийнхээс 3 градусаар дулаан байсан байна.
Агаарын дундаж температур нутгийн өмнөд хэсгээр болон говь
талын нутгаар -11.4-18.4 градус, нутгийн хойд хэсгээр -19.9-25.7 градус,
Отгон суманд -26.4 градус хүйтэн байсан байна. Агаарын хамгийн бага температур нь
Отгон, Тэс, Баянтэс, Тосонцэнгэл, Цэцэн-Уул сумын нутагт -40, бусад нутгаар
-30-39 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын дундаж температур нутгийн өмнөд хэсэг болон говийн сумдаар -16-20 градус, бусад нутгаар -21-27 градус хүйтэн байлаа.
Хөрсөндөө хамгийн хүйтэн нь говийн болон нутгийн өмнөд хэсгээр -32-36 градус, бусад нутгаар -37-42 градус, Тосонцэнгэлд -44 градус хүрч хүйтэрсэн байна.
Энэ сард нутгийн хойд болон хангайн уулархаг нутгаар 5-13
удаа, говь болон нутгийн өмнөд хэсгээр 1-9 удаа их бага хэмжээний цас орж
аймгийн хэмжээнд 89.9 мм буюу олон жилийн дунджийн орчим тунадас орсон байна.
Сум тус бүрээр тунадасны хэмжээг олон жилийн дундажтай
харьцуулахад говийн сумд, Отгон, Шилүүстэй суманд дунджаас их тунадас орсон
байна. Баянтэс, Их-Уул, Нөмрөг, Түдэвтэй, Цагаанхайрхан сумын нутагт дунджийн
орчим бусад нутгаар дунджаас бага тунадас орсон байна. Ихэнх нутгаар салхины
дундаж их хурд 12-14м/с, Эрдэнэхайрхан, Баянхайрхан, Түдэвтэй, Яруу, Нөмрөг,
Отгон сумдын нутгаар салхины хурд 16-17м/с хүрч ширүүссэн байна.
Нэгдүгээр сарын 6-ны өдрийн 08.00 цагийн өртөө, харуулын
мэдээгээр Цагаанчулуут, Цагаанхайрхан, Баянхайрхан, Тэс, Түдэвтэй сумын
нутгаар 14-17 см зузаан цастай байна. Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл,
Сантмаргаз, Алдархаан, Сонгино, Яруу сумын нутгаар 9-14 см, Завханмандал, Улиастай, Их-Уул,Ургамал, Эрдэнэхайрхан сумын
нутгаар 7-8 см, бусад сумын нутгаар 0-6 см зузаан цастай байна гэв.