ЗАВХАН: Отгонтэнгэр уулыг зургаадугаар сарын 21-нд тайх товыг Ерөнхийлөгчид уламжилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилга энэ жил болно.
Завхан аймгийн ИТХ-ын ээлжит бус 8 дугаар хуралдаанаар Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх товыг тогтоож, саналыг уламжилсан тухай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Болдбаатар мэдээлэв.
Товыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 85 дугаар зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын 1.2.14 дэх хэсэг,
2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаар зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул, хайрхныг тайх төрийн ёслол үйлдэх, хуваарь“-ийн 10 дахь хэсгийг үндэслэн, Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлаад байна гэв.
Монголчууд Отгонтэнгэр хайрхныг эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх VI-VIII зуунд түрэгүүд тахидаг байжээ. Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдаж 1911 онд Богд хаан жил бүр ламын шашны ёсоор тахиж байгаад мөн л мартагджээ. Харин 1995 онд төрийн тахилгатай болж дөрвөн жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна.
Хангайн нурууны ноён оргил, мөнх цаст Отгонтэнгэр хайрхан
уулыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын 1995 оны 110 дугаар зарлигаар
Төрийн тахилгатай болгож, 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016, 2021 онд тус тус
тахисан билээ.
Отгонтэнгэр хайрхан уулын 2021 оны төрийн тахилгын ёслолыг орон нутаг, иргэдийн хүсэлтийг харгалзан цар тахлын халдвараас сэргийлэх дэглэм, журмыг чанд мөрдөж, уламжлалт дэг жаяг, зан үйлийн дагуу зохион байгуулснаараа онцлогтой болсон юм.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож тахилгын ёслолын өмнөх орой Долоон бурхан одны тахилгыг зохион байгуулж, сүсэгтэн олон залбирал, мөргөл үйлдсэн байна. Хайрхныг туульч Хангайн магтаал болон Отгонтэнгэр хайрхан уулын магтаалыг хайлж эхлүүлэн “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурсан байна.
Өдгөө Монгол Улсад төрийн тахилгатай 12 уул байгаа бөгөөд төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам болон ёслол үйлдэх хуваарийн дагуу төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэн таван жилд нэг удаа төрийн тахилгын ёслолыг үйлддэг юм.
Сонирхуулахад, Отгонтэнгэр уул нь Хангай нурууны ноён оргил далайн түвшнээс дээш 4021 м өргөгдсөн. Эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг. Ойр орчмын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтан биосфер, экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн. Ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилалтай.

Отгонтэнгэр нь Завхан аймгийн Отгон, Цагаанхайрхан, Алдархаан сумын нутгийн заагт оршдог уул юм.

Отгонтэнгэр хайрхан уулын төрийн тахилгын их ёслол 2021 он