ДОРНОГОВЬ: Тэмээний уралдаанд зургаан аймгийн 20 гаруй сумын тэмээчин оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Сайхандулаан сумын ИТХ, ЗДТГ, "Ижий говийн тэмээн сүрэг" сумын Тэмээчдийн холбоо хамтран нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулсан аймгийн баруун бүсийн тэмээний уралдаанд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай зэрэг аймгийн 20 гаруй сумын тэмээчин, уяачид оролцлоо.
Тэмээний уралдаанд тайлаг, тором уралдуулж, шилмэл буур,
ингэ шалгаруулсан бөгөөд тэмээний сэдэвт дууны уралдаан зохион байгуулжээ. Хурдан атны уралдаанд 42 ат
уралдсанаас Өмнөговь аймгийн Баяндалай сумын Т.Өсөхбаярын туг шар түрүүлж, тус аймгийн Цогт-Овоо сумын Х.Оргил-Эрдэнийн халтар аман хүзүүнд хурдалжээ.
Айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Л. Мөнгөнцогтын хүрэн, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Манлай сумын Д.Алтанхундагын хар, айргийн тавд Өмнөговь аймгийн Б.Хашхүүгийн улаан ат тус тус хурдалсан байна. Дорноговь аймаг 50 мянга гаруй тэмээтэй. Харин Сайхандулаан сум зургаан мянга гаруй тэмээгээр аймагтаа эхний тавд жагсаж байна.
