ЗАВХАН: Малчин өрхийн тоо цөөрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн малчин өрхийн тоо 2025
оны жилийн эцэст 13904 болж өмнөх оныхоос 54-өөр цөөрсөн тухай аймгийн Статистикийн
хэлтсээс мэдээлэв.
Жилийн эцэст малын тоогоор нь бүлэглэж үзвэл 50 хүртэлх малтай өрхийн тоо 1.3 хувь, 51-200 хүртэлх малтай өрх 0.7 хувь, 1000-аас дээш малтай өрх 3.9 хувиар тус тус буурсан байна.
201-500 хүртэлх малтай өрх 0.5 хувь, 501-999 хүртэлх малтай өрх 1.9 хувиар тус тус өссөн байна. Нийт малтай өрхийн 73.2 хувь буюу 10.2 мянга нь малчин өрх эзэлж байна. Аймгийн хэмжээнд Их-Уул сумын малчдын тоо хамгийн олон буюу 2421 байгаа бол Асгат сумынх хамгийн цөөн 240 малчинтай байна. Аймгийн малчдын 57.5 хувь нь эрэгтэй, 42.5 хувь нь эмэгтэй байна. Нийт малчдын 19.1 хувь нь 35 хүртэлх насных байна. Мөн нийт малчдын 53.4 хувь нь арилжааны болон банк бус байгууллага, бусад газарт зээлтэй байна. Нийт малчдын 49 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байна.
Мал бүхий өрх гэж малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг өрхийг ойлгоно. Малчин өрхөд жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, малын ашиг шим нь тэдний амьжиргааны эх үүсвэр болж байгаа өрхийг хамруулна. Малтай өрх гэж мал бүхий өрх болон малчин өрхийг хэлнэ гэв.
Эдгээр малчин өрхийн 89.6 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 84.1 хувь нь телевизортой, 76.2 хувь нь авто машинтай, 60.8 хувь нь мотоциклтэй байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Цэцэн-Уул, Ургамал, Цагаанчулуут, Тэс, Отгон, Идэр сумын малчид 3-59 хүнээр буурсан бол бусад сумынх 3-164 хүнээр малчдын тоо өссөн байна гэв.