ХОВД: Өнгөрсөн онд 400 гаруй иргэний саналыг хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-01-05 13:29:10

Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төрийн байгууллагын удирдлага, холбогдох төлөөллүүд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д ажилласан юм.

Улмаар иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг утсаар болон биеэр хүлээн авлаа. Энэ нь иргэн болон төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулахад давуу талтай байв.

Дээрх ажлын хүрээнд өнгөрсөн онд 55 байгууллагын удирдлага, мэргэжилтэн 7043-1111 болон 7743-1111 утсаар иргэдээс ирсэн 451 санал хүсэлт, гомдлыг хүлээн авчээ. Үүнээс 323 иргэнд холбогдох байгууллагаас тодруулга авч, хариу зөвлөгөө, мэдээлэл өгсөн бол 128 иргэний санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжиллаа.


Мөн иргэдийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах 7043-1111 утсыг 7743-1111 болгон шинэчилж, санал хүсэлт их ирдэг 10 байгууллагын утсыг холбожээ.


Үүнд Байгаль орчин, Нийгмийн даатгал, Боловсрол, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, “Шим-Ус” ХХК, “Ховд дулааны станц” ТӨХК, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК багтаж буй.

Ингэснээр иргэн, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо сайжирч, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж өргөжсөн байна

 

Related news