ХОВД: Цэргийн бүртгэл энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-01-05 13:06:04

Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймагт 2026 оны цэргийн бүртгэл өнөөдөр эхэллээ. Цэргийн бүртгэлийг энэ сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд харьяа багийн Засаг даргын ажлын байранд зохион байгуулна.  


Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд, 55 хүртэл насны бэлтгэл дунд офицер, ахлагч болон 60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер, 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдах учиртай.


Мөн цахим үйлчилгээний “E-Mongolia” системээр хүсэлтээ илгээх боломжтой.


Цэргийн бүртгэлд ирэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх (бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй байхыг зөвлөлөө. Мөн цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд 3х4 хэмжээ бүхий цээж зураг хоёр хувь, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирж, ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагт бүртгүүлэхийг Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас анхааруулав.

Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм. 

Related news