ДОРНОГОВЬ: Замын-Үүдээс галт тэрэг аялж эхэлсний 70 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутгаар хөндлөн гулд зурайж, хөгжил дэвшлийг өртөөлсөн хос ган зам ашиглалтад орсны 70 жилийн ой энэ онд тохиож байна.
БНМАУ, ЗСБНХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1952 оны есдүгээр сарын 15-ны хэлэлцээрээр Улаанбаатар-Замын-Үүд, Жининий хооронд төмөр зам барихаар тохиролцсон байдаг. Эл төмөр замын бүтээн байгуулалтыг дуусгаснаар гурван улсын хооронд төмөр замын шууд харилцаа 1956 оны нэгдүгээр сарын 1-нд нээгджээ. Өөрөөр хэлбэл, эх орны өмнөд хил Замын-Үүдээс анхны суудлын галт тэрэг хөдөлсөн түүхэн өдөр бол 1956 оны нэгдүгээр сар 3-ны өдөр юм.
Энэ үйл явдалд зориулсан ёслолын ажиллагаа 1956 оны нэгдүгээр сарын 3-нд Монгол Хятадын хил дээр болж БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, ЗСБНХУ-ын Зам тээврийн сайд Б.П.Бишев, БНХАУ-ын ӨМӨЗО-ы анхны тэргүүн Улаанхүү нар хоёр замыг холбосон хавчаарыг мөнгөн боолтоор боож, тууз хайчлан Замын-Үүд-Эрээний төмөр замын хөдөлгөөнийг нээсэн түүхтэй.
Харин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн өртөөний хооронд өргөн царигийн 713 километр урт төмөр замыг барих ажлаас үүдэж одоогийн Сайншанд зангилааны түүх эхэлсэн байна.