ЗАВХАН: Алслагдмал нутгуудад үүрэн холбооны сүлжээ хүргэх ажлыг ирэх жил үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-31 12:12:40

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Завхан аймаг алслагдсан нутагт үүрэн холбооны сүлжээний тархалтыг нэмэх зорилгоор энэ жил 14 багт шинээр үүрэн холбооны сүлжээг нэвтрүүлсэн байна.

Монгол улсын Засгийн газраас алслагдсан нутагт үүрэн холбооны сүлжээний тархалтыг нэмэгдүүлэх. Өрх бүрд өндөр хурдны интернэт, утасны сүлжээг хүргэх бодлого барьж буй юм.


Завхан аймаг 116 багтай. Үүний 50 хувь нь үүрэн холбооны утасны сүлжээтэй. Сүүлийн хоёр жилд үлдсэн багуудад сүлжээ оруулах ажлыг эрчимтэй хийж байна.


Энэ онд Мобиком корпарацитай хамтын ажиллагааны хүрээнд Идэр сумын Дархан-Уул, Мануустай, Тосонцэнгэл сумын Баян-Улаан, Баянтэс сумын Бужир багуудад сүлжээ орууллаа. Цаашид 13 багт сүлжээ оруулахаар тохиролцоод байна. 2026 онд бүх багаа утасны сүлжээтэй болгох бодлогыг хэрэгжүүлэх юм.


Ирэх жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дөрвөлжин сумын Онц, Их-Уул сумын Хуягт, Тосонцэнгэл сумын Оргих багуудад сүлжээ оруулах юм. Алслагдсан багууд үүрэн холбооны сүлжээтэй болсноор иргэд мэдээ, мэдээллийг шуурхай авах боломж бүрдэж байна. Алслагдмал нутагладаг, отор нүүдэл хийдэг малчдыг старлинктай болгосноор байгалийн давагдашгүй хүчин зүйлээс сэргийлэхэд нь ч тусална хэмээн Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 


Related news