ХОВД: Энэ сард агаарын температур олон жилийн дунджийн орчим байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-01-03 14:30:11

Жаргалант, 2026 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээллийг танилцууллаа.

Агаарын температурын сарын дундаж утга олон жилийн дунджаар алтайн өвөр говиор -16-20 хэм, бусад нутгаар -20-26 хэм хүйтэн байдаг.

Сарын нийлбэр хур тунадас Ховд нутгаар 0–3 мм ордог.

Олон жилийн дундаж (ОЖД) гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлнэ.


Цаг агаарын урьдчилсан мэдээллээр энэ сард агаарын дундаж температур Ховд нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.

Харин хур тунадас алтайн өвөр говь болон уулархаг нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.

Тухайн сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх юм. Мөн тухайн сарын нэгдүгээр арав хоногийн дундаас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч нилээд чангарч олон жилийн дунджаас 2-4 хэм хүйтэн байна.

Харин тухайн сарын гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй. Тухайн сарын нэг болон хоёрдугаар арав хоногийн зарим хугацаанд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй.

Энэ сарын нэг болон хоёрдугаар арав хоногийн зарим хугацаанд ихэнх нутгаар хүйтэн жиндүү, салхи шуургатай тогтворгүй цаг агаар зонхилох тул иргэд тээвэрчид хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээллийг байнга авч ашиглаж, анхаарал болгоомжтой байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс зөвлөлөө.

Related news