ХОВД: Дэлхийн миссийн тэмцээний манлайлагч Б.Сэргэлэнд хүндэтгэл илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Итали Улсын Галлиполи хотод зохион байгуулсан “Miss & Mister Deaf Universe” 12 дахь удаагийн дэлхийн миссийн тэмцээнд Монгол Улсаас Ховд аймгийн харьяат Батсүхийн Сэргэлэн оролцжээ.
Тэрбээр мисс төрөлд “Дэд тэргүүн мисс”-ээр шалгарсан юм. Сонсголын бэрхшээлтэй залуусын дунд зохион байгуулсан уг тэмцээнд 18 улсын 30 орчим оролцогч долоон төрлөөр мэдлэг, авьяас чадвараа сорьсноос Б.Сэргэлэн “Шилдэг үндэсний хувцастай мисс” төрөлд тэргүүлж, олон сорилт, үзүүлбэрийн нийлбэр дүнгээр дэлхийн топ гуравт багтжээ.
Б.Сэргэлэн энэ сарын 30-нд Ховд нутагт хүрэлцэн ирэхэд нь орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагын төлөөллүүд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр таван сая төгрөгийн батламж гардуулж, баяр хүргэсэн тухай Ховд аймгийн ЗДТГ-аас танилцууллаа. Мөн түүний амжилт хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залууст урам зориг өгч байгааг онцлов.
Б.Сэргэлэн Сити их сургуулийн гоо сайхны ангийн хоёрдугаар дамжааны оюутан юм. Гэр бүлийнхэн нь түүний авьяас, хүсэл тэмүүллийг дэмжиж, нийгмээс тусгаарлахгүй үеийнхээ залуустай мөр зэрэгцэн суралцах боломжийг бүрдүүлжээ.
Тэрбээр цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гоо сайхан, хувцас загварын чиглэлээр мэдлэг олгох, нийгэмд идэвхтэй оролцох боломжийг нь дэмжихээр зорьж буйгаа илэрхийлэв.
