ЗАВХАН: Зэрлэг амьтны амьдрах орчныг тэтгэх зорилгоор 855 боодол өвс тавьж өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан
аймаг энэ жил зэрлэг амьтны амьдрах орчныг тэтгэх
биотехникийн үйл ажиллагааг 10 суманд хэрэгжүүлсэн тухай аймгийн Байгаль орчны
газраас мэдээлэв.
Алдархаан, Баянхайрхан, Их-Уул, Сонгино, Тосонцэнгэл, Тэс, Цагаахайрхан, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Шилүүстэй сумдад биотехникийн үйл ажиллагааг хийсэн байна.
Аймгийн хэмжээнд нийт 26 цэгт 66
уут хужир, 855 боодол өвсийг зэрлэг амьтны
амьдрах орчныг тэтгэх зорилгоор байршуулсан байна. Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай
газрын хамгаалалтын захиргаанаас Түдэвтэй, Цагаанчулуут сумын ЗДТГ-тай хамтран 8 цэгт зэрлэг
амьтдад зориулан 76 боодол өвс, 14 уут хужир шүү тавьж өгчээ.
Мөн 2025-2026 оны өвөл хаврын үед зэрлэг амьтдад хэрэглэхээр Алдархаан, Баянхайрхан, Сонгино гэхчлэн 6 суманд нийт 775 боодол өвс 52 уут хужир 18 цэгт байршуулсан байна гэв.
