ЗАВХАН: Мэдээллийн технологийн сурах орчныг сайжруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-30 12:01:43

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймаг энэ жил боловсролын салбартаа илүү анхаарч мэдээлэл технологийн чиглэлээр хүүхдүүдийн сурах орчин, багш нарын ажиллах нөхцөлийг сайжруулж томоохон хөрөнгө оруулалтуудыг хийсэн талаар аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Тухайлбал энэ жил улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгөөр аймгийн бүх сургуульд цахим ангийг байгуулсан байна. МУИС-ын харьяа сургуулийг Бизнес мэдээлэл технологийн сургууль болгов.


Мөн БНСУ-ын  төсөл болон Боловсролын яамны дэмжлэгээр Тосонцэнгэл сумын 1 дүгээр сургуульд компьютер, принтер, дэлгэц, ширээ сандал, их засварын хамт иж бүрэн цахим ангийг байгуулсан байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын багш нарын 90 гаруй хувийг нь зөөврийн компьютерээр хангажээ.


Хас банкны санаачилга, санхүүжилтээр Улиастай сумын 1 дүгээр сургууль, Политехникийн коллежид компьютер, ширээ сандал бүхий цахим ангийг байгуулж хүүхэд бүр мэдээлэл технологийн чиглэлээр суралцах, хөгжих боломжтой болсон байна.


Мөн Мобиком корпарацийн хөрөнгө оруулалтаар Улиастай сумын 1 дүгээр сургуульд компьютер, принтер, дэлгэц, ширээ сандал бүхий бусад дагалдах хэрэгсэлийн хамт иж бүрэн цахим ангийг байгуулсан байна. Энэхүү цахим ангийг "Smart education" төслийн хүрээнд байгуулсан юм. Сургуулийн энгийн танхимыг дижитал танхим болгон шинэчилж өгснөөр сурагчид Eduten, Pearson, Medle зэрэг платформыг ашиглан хоцрогдолгүй, үр дүнтэй суралцах боломжтой болжээ.


Танхимд сурагч бүрт зориулсан зөөврийн компьютер, өндөр хурдны интернэт холболт бүрдүүлсэн нь хичээлийн чанарт мэдэгдэхүйц ахиц авчирна гэж үзэж байна гэв. Ташрамд, "Мобиком групп" тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Smart Education” төслийнхөө тав дахь жилийн хүрээнд улсын хэмжээнд энэ жил таван сургуулийг иж бүрэн дижитал танхимтай болгожээ.

Related news