ХОВД: Малын тоо өмнөх оноос 8.8 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Мал тооллогын урьдчилсан дүнгээр Ховд аймгийн 17 сумын 91 багийн малчин өрхүүд энэ оны эцэст 3.2 сая толгой мал тоолуулжээ.
Энэ нь малын тоо өмнөх оноос 308.0 мянган толгой буюу 8.8 хувиар буурсан үзүүлэлт юм.
Малын тоог төрлөөр нь авч үзвэл адуу 154.3 мянга болж, 1.9 хувиар буурсан, үхэр 206.8 мянга болж 5.6 хувиар буурсан байна.
Мөн хонь 1.1 сая болж 9 хувиар буурсан, ямаа 1.6 сая болж 9.9 хувиар буурчээ.
Харин тэмээ 35.8 мянга болж 2.2 хувиар өссөн байна.
Энэ оны тооллогын урьдчилсан дүнгээр мал сүрэгт хонь 36.1 хувь, ямаа 51.5 хувь, үхэр 6.5 хувийг эзэлж байна. Мөн адуу 4.8 хувь, тэмээ 1.1 хувийг тус тус эзэлж байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр таван сум тэргүүлсэн байна.
Тодруулбал, Чандмань сум 295.2 мянган толгой мал, Булган сум 286.4 мянган толгой мал тоолуулжээ. Мөн Манхан сум 249.7 мянган толгой мал, Мянгад сум 246.2 мянган толгой мал, Дарви сум 231.9 мянган толгой мал тоолуулсан үзүүлэлтээр эхний байрт эрэмбэлэгдсэн тухай Ховд аймгийн Статистикийн хэлтсээс танилцууллаа.
Тооллогын ажлыг энэ сард зохион байгуулахад 700 гаруй төрийн албан хаагч оролцжээ.