ДОРНОГОВЬ: Алба хаагчид 25 хүний амь насыг аварч, 10.9 тэрбум орчим төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Энэ онд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 17, 23, 33 дугаар ангийн давхардсан тоогоор 547 алба хаагч, 141 тээврийн хэрэгсэлтэйгээр 145 удаагийн дуудлага мэдээллийн дагуу гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулж, 25 хүний амь насыг аварч, иргэн, аж ахуй нэгж, байгууллагын 10.9 тэрбум орчим төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна.
Аймгийн хэмжээнд тохиолдсон гал түймрийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн бол ослын дуудлага мэдээлэл 70 орчим хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Харин гал түймрийн улмаас 10.7 тэрбум орчим төгрөгийн хохирол иргэн, аж ахуй нэгж, байгууллагад учирч, таван иргэн амь насаа харамсалтайгаар алдсан байна.
Орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхыг
нэмэгдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг
олон нийтэд түгээх, аливаа аюулт үзэгдэл, ослын үед өөрийгөө болон бусдыг авран
хамгаалах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх мэдлэгтэй иргэдийг бэлтгэх зорилгоор
“Гамшигт тэсвэртэй Дорноговь”-ийн төлөө хамтдаа нөлөөллийн аяныг зохион
байгуулж, гамшгаас хамгаалах ангиллын 476 удаагийн сургалтад 9311 иргэнийг
хамруулжээ.
