БАЯНХОНГОР: Нутагтаа босгосон “модон суварга” нь төгөл болон ургажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-22 15:42:22

Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Одоогоос 42 жилийн өмнө буюу 1983 онд Монгол Улсын Тэргүүний анчин, осолгүй манлай жолооч, 700 мянгат жолооч Насанбуянгийн Баасан үр хүүхдүүдийн хамт төрсөн нутагтаа “модон суварга” босгосон нь өдгөө сайхан төгөл болж ургажээ.


Тодруулбал, тэд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Улаан Аргалант уулын аманд байрлах байгалийн амьд чийгтэй Дэвхрэгийн шандад бургас, улиас, чацаргана, сонгино зэргийг тарьж ургуулсан нь эх нутагтаа хийсэн чамгүй хөрөнгө оруулалт болжээ.


Н.Баасан нь байгаль эх дэлхийгээ сүсэглэн дээдэлдэг, ан амьтнаа эрхэмлэн хайрладаг хүн байсан бөгөөд Улаан Аргалантын ан амьтдыг ундаалдаг Дэвхрэгийн шандыг ширгэх, устах эрсдэлээс хамгаалах санаачилгаа ийнхүү бодит ажил болгосон байна. Өдгөө улиас, бургас нь сүндэрлэн ургаж, орчин тойрны байгалиа чимэглэдэг.


Баацагаан сум нь нийслэл Улаанбаатар хотоос 765 км алс, Баянхонгор хотоос 127 км зайд байрладаг. Сумын төв нь Баянсайр, сумын нутаг далайн түвшнээс дээш 3000 м өргөгдсөн.


Тус сум Улаан аргалант, Хар аргалант, Нарийн хар, Билгэх, Хөвших, Холбоо зэрэг уулсаар хүрээлэгдэн оршдог бөгөөд Баянсайр сууринаас хойд зүгт 18 км явахад Бөөн цагаан нуурт очно. Мөн Цагаан гол, Жаргалант, Далан түрүү, Цагаан бургастын зэрэг гол горхи, булаг шандтай.

Related news