ЗАВХАН: "Гүн" нэртэй жижиг нууруудаас хамгийн том нь Ургамал суманд бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Ургамал сумын нутагт Гүн хэмээн нэрлэдэг жижиг нуур бий.
Манай оронд цагаан, хөх, хар, улаан, ногоон зэрэг өнгөөр нэрлэсэн нуурууд түгээмэл байдаг. Мөн амьтан, ургамал, хүний эрхтэн, дээдэлдэг хүндэтгэлийн үг, шинж чанар зэргээр нэрлэх нь бий. Тухайлбал гүн нэртэй нуур манай оронд цөөнгүй байна.
Гүн нуурууд нь талбайн хувьд төдийлөн том биш, жижиг нуурууд
боловч гүн байх нь элбэг ажээ. Эдгээр гүн нэртэй нууруудын нэг нь Ургамал сумын
нутагт Бор хярын элсний ард орших гүн нуур юм. Нуур нь 2.8 км.кв талбайтай. Нуурын эргэн тойронд шим тэжээл бүхий хөрстэй мал
амьтны ундны ус болсон бүрд юм.
Нуурын дундаж гүн болон хамгийн гүн гэсэн ойлголтууд
хоорондоо ялгаатай юм. Хамгийн гүн гэдэг нь тухайн нуурын хамгийн гүн хонхор
нэг л газрыг хэлж байгаа бол, дундаж гүн нь нуурын бүхий л ижил гүнүүдийн
талбайг тооцоолон усны массын эзэлхүүнийг гаргаж түүнийгээ нийт нуурын гадаргын
талбайд хувааж гаргадаг тухай аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв.
Манай орны хамгийн алдартай олонд танигдсан, аялагч, амрагч ихээр зорин очдог "жижиг" нуур нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Гүн нуур юм. Дээрх нууруудаас гадна Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Хүнүй голын савд орших Гүн нуур, Говь Алтай аймгийн Хөхморьт суманд Монгол элсний өмнө орших Гүн нуур, Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт орших Их, Бага Гүн нуур, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Баянмөнх сумуудын заагт орших Гүн бүрдийн нуур зэрэг Гүн нууруудыг дурдаж болох юм.

Гэрэл зургуудыг: Д.Батболд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Гүн нуур.
Уг гүн нуур нь ижил нэртэй нууруудаас хамгийн алдартай олонд танигдсан, аялагч, амрагч ихээр зорин очдог нуур юм.