ДОРНОГОВЬ: Цагаан дэлийн агуйд ажлын баг ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалийн гайхамшигт газруудын нэг Айраг сумын нутагт байх Цагаан дэлийн агуйг сэргээн засах, тохижуулах ажлын багийг аймгийн ЗДТГ-аас томилон ажиллуулахаар болжээ. Энэ тухай аймгийн Засаг дарга О.Батжаргал 12 дугаар сарын 3-4-нд хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр мэдэгдсэн байна.
Агуйн орчимд хайлуур жоншны ордуудтай бөгөөд иргэд хууль бусаар амных нь болон дотор хананы жоншийг ашиглаж эвдэж сүйтгэсэн байдаг. Цагаан дэлийн агуй нь сумын
төвөөс 25 км, Нард багийн төвөөс 10 км-т оршдог. Баруунаас зүүн тийш 20 метр,
хойноос урагш 45 метр, 12 метр орчим гүн, гар аргаар жонш олборлож байсан
нүхнээс гэнэт эгц доошоо үүсэн гарсан
агуй юм.
Агуйн хоёр ам далайн түвшнээс дээш 1140 м өндөрт хайлуур жонш авч ашиглаж байсан 150 гаруй урт, 16.5 м гүн сувгийн ёроолд зүүн хойш харсан байрлалтай. Эхний ам нь сувгийн урьд үзүүрээс 98.8 м оршино.
Агуй малталтаас үүссэн газрын доод давхаргын амнаас доош 4-5
метр өргөн, 8-9 метр гүн буух тавцантай бөгөөд эргэн тойрон гэр хэлбэрийн
хөндийтэй. Уг хөндийгөөс цааш тахиралдсан нарийн нүхтэй том дугираг гэр
хэлбэрийн хөндийнүүд бий бөгөөд жилийн дөрвөн улиралд байнгын ус, мөстэй
байдаг.
Энэхүү агуй нь улсад хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог төдийгүй
дотроо том амьтны соёо, ханын сүг зураг байдаг бөгөөд бүрэн судлагдаагүй
байгалийн сонин тогтоц бүхий газар юм. Цагаан дэлийн агуйг 2006, 2010, 2013 онд
сумын тусгай хамгаалалтад авч байсан бол байгалийн дурсгалт газрын ангиллаар
аймгийн тусгай хамгаалалтад 2011, 2014, 2019 онд тус тус авч байжээ. Харин 2019
онд улсын тусгай хамгаалалтад авчээ.