ХОВД: Боловсролын салбарын онцлох ажлууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-11-28 14:26:40

Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Орон нутгийн боловсролын салбарыг дэмжиж “Ховдын ирээдүй” төсөл, үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байна.


Энэ хүрээнд багш мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх, тасралтгүй хөгжлийг хангах, хүүхэд бүрийг хөгжүүлэх, багш, ажилтан, суралцагчийн сурч боловсрох, ажиллах таатай орчин бүрдүүлэх чиглэлээр гурван зорилт бүхий 20 гаруй ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж, аймгийн 2025 оны төсөвт 2 тэрбум төгрөг хуваарилсан юм.


Улмаар багшийн үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд анхаарч, 153 багшид 720 гаруй сая төгрөгийн шагнал, урамшуулал олголоо. Тухайлбал, шилдэг 15 багш тус бүрд 30 сая төгрөг, элсэлтийн шалгалтийн амжилтаар манлайлсан 96 багшид 102 сая төгрөг, бусад чиглэлээр 168 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.


Мөн боловсролын салбарын зарим байгууллагад засвар шинэчлэл хийлээ. Тодруулбал, орон нутгийн төсвийн 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын 5, 7, 12, 14 дүгээр цэцэрлэг, Дөргөн, Буянт сумын цэцэрлэг, Үенч сумын сургуулийн дотуур байр, нэг, гурав болон Прогресс сургууль, Хөгжил политехник коллежийн спорт заал мөн Биеийн тамир, спортын газрын барилгыг засварлажээ. Ингэснээр багш, сурагч, ажилтнууд тав тухтай, тохилог орчинд суралцах, ажиллах боломж бүрдсэн байна.


Үүнээс гадна боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил өрнөжээ.  

Үенч суманд багийн сургууль, Жаргалант сумын Бичигт багт цэцэрлэг, Манхан суманд дотуур байр, Мөнххайрхан суманд сургуулийн барилгын ажлыг энэ онд гүйцэтгэв.


Алслагдсан багийн хүүхдүүд гэртээ ойр, чанартай боловсрол эзэмших боломж бүрдүүлэхээр Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багт сургууль, цэцэрлэгийн цогцолбор буюу 75 хүүхдийн хүчин чадалтай багийн бага сургууль барьж, ашиглалтад орууллаа.

 

Уг ажлыг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар Хаан банкны санхүүжилт дэмжлэгтэйгээр Хил хамгаалах ерөнхий газар, Олон улсын төсөл, хөтөлбөр, бусад төр, хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжүүлжээ.  

Энд ажиллах багш нарыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс холимог бүлгийн сургалтын онол, арга зүй болон цахим сургалтын арга барилаар чадавхжууллаа. 

 

Related news