ДОРНОГОВЬ: Анагаахын сургуулийн оюутнууд тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуульд шинээр элсэн суралцаж буй нэгдүгээр дамжааны хүний их эмч, сувилахуйн бакалавр, сувилагч, лабораторийн технигчийн ангийн 170 гаруй оюутан 11 дүгээр сарын 18-нд “Оюутны тангараг” өргөлөө.
Энэ нь оюутнууд өөрийн үүргээ ухамсарлан суралцах нэгэн алхам болох бөгөөд “Оюутан хөгжил хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаа юм. Энэ үеэр АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлгийн дөрвөн улирал манлайлан суралцаж 3.4 голчтой болзол ханган суралцсан оюутнуудад 500,000 төгрөгийн сургалтын тэтгэлэг олгож, батламж гардуулсан байна.
Тус сургуульд нийт 600 гаруй оюутан суралцаж
байна. Жар гаруй жилийн түүхтэй тус сургууль зүүн болон төвийн бүсийн аймгуудын
эрүүл мэндийн салбарын боловсон хүчний 80 хувийг тогтмол хангаж
иржээ.
Ulaanbaatar