Төв аймаг бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-15 19:27:17
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж ирэх оны үндсэн чиглэлийн төлөвлөгөөнд тусгагдсан 6 үзүүлэлт 139 зорилт, 476 арга хэмжээний талаар голлон хэлэлцлээ.

Ирэх онд эдийн засгийн  тогтвортой өсөлтийг хангах бодлогын чиглэлээр орон нутгийн хэрэгцээг өөрийн аймгийн үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнээр ханган, мөнгөний гадагш чиглэсэн урсгалыг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа гэдгийг зөвлөлийн зүгээс онцолсон юм.

Мөн худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй болгох журам боловсруулан, хууль журмын дагуу зохион байгуулах асуудлыг нухацтай авч хэлэлцсэн юм. Харин Татварын ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дээд шатны байгууллагаас өгсөн чиглэл, батлагдсан заавар журмын дагуу бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах талаар Засаг дарга Ж.Батжаргал өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Түүнчлэн хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр, цөм сүрэг малын тоо толгойг өсгөх, мал сүргийг байгалийн  болзошгүй  эрсдэлээс хамгаалах тухай болон хотын дүүрэг, худалдааны төвүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан аймгийнхаа төмс, хүнсний ногоог борлуулах цэг ажиллуулах талаар авч хэлэлцлээ.

Дашрамд дурдахад, үндсэн чиглэлийн төлөвлөгөөг хийж гүйцэтгэх төсвийн санхүүжилтийн хувьд 3074.5 төсөл хөтөлбөрт 14456.7 тэрбум төгрөгийг улсаас, үлдсэн 31800.9 төгрөгийг орон нутгийн төсвөөс төвлөрүүлэх урьдчилсан тооцоо гаргажээ.

Т.Есүхэйтөмөр

Related news