Азийн залуучуудын наадамд Монголоос 135 тамирчин оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-07 14:51:55

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Бахрейны Манама хотод Азийн залуучуудын наадам энэ сарын 22-нд эхэлнэ.


Есөн өдөр үргэлжлэх тус наадамд Азийн 45 орны 4000 орчим залуу тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөх юм. Азийн олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа зохион байгуулж буй тус наадамд Монгол Улсаас спортын 20 төрөлд 135 тамирчин, 44 дасгалжуулагчаа илгээж байна.


Тамирчдыг үдэн гаргаж, Төрийн далбаа гардуулах ёслол өнөөдөр МҮОХ-ны өмнөх “Бөртэ чоно” талбайд болов. Уг үйл ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, БТСУХ-ны дарга Э.Билэгт тэргүүтэй албаны төлөөлөл, спорт холбоод, баг тамирчид оролцжээ. “Бахрейн 2025” Азийн залуучуудын наадамд оролцох Монголын багийн ахлагчааар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н. Учрал ажиллах бол тугчаар волейболын тамирчин Ц.Ананд, сагсан бөмбөгийн тамирчин Б.Эмүжин нарыг сонгосон байна.


МҮОХ-ноос тус наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилалт, замын болон байр хоолны зардалд 100 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Мөн тамирчдыг “361” брэндийн 400 гаруй сая төгрөгийн иж бүрэн хувцсаар хангасан байна.











Related news