Үндэсний аудитын газар харилцагч талуудтайгаа гүйцэтгэлийн аудитын сайн туршлагыг бэхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-07 11:10:38

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн аудитын байгууллагаас  “Гүйцэтгэлийн аудитын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Хэлэлцүүлэгт Төрийн аудитын байгууллагын харилцагч талууд болох УИХ-ын Тамгын газар, Сангийн яам, Олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод, судалгаа шинжилгээ, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр  саналаа солилцов. Харилцагч талуудын идэвхтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой уг хэлэлцүүлгийн эхэнд Төрийн аудитын байгууллагын харилцагч талуудын стратеги төлөвлөгөөний шинэчлэн боловсруулсан төслийг Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав танилцуулсан бөгөөд талуудын санал бодлыг сонсож, сорилт бэрхшээлийг даван туулах боломжийн талаар хэлэлцжээ.


Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт Аудитын дээд байгууллагуудын Олон улсын байгууллага /ИНТОСАИ/-ын хөгжлийн санаачилга “Аи Ди Аи”-н ерөнхий захирлын орлогч Арчана Ширсат, ахлах менежер Марита Салгрейв нар оролцож, олон улсын сайн туршлага, ач холбогдлын талаар мэдээлэл өгчээ. Төрийн аудитын байгууллагын харилцагч талуудын хамтын ажиллагааны оролцоог нэмэгдүүлснээр төсвийн хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг сайжруулж, аудитын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, төрийн байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.  





Related news