БУЛГАН: Б.Номин: Хүүхэд бүрийн анхны багш нь ээж нь байдаг гэж би боддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-05 10:31:40

Булган, 2025 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Миний бодлоор багш бидэнд ирээдүйд тулгарах бэрхшээлүүд, сонголтуудыг даван туулах, хийж бүтээхэд тусалдаг ээж, зөвлөх, багш, сэтгэл зүйч, шүүгч, эмч, найз гээд хийхгүй юмгүй чадахгүй зүйлгүй гайхамшигтай хүмүүс санагддаг. Гэхдээ хүн бүрийн анхны багш нь ээж нь байдаг байх хэмээн хөөрөлдөх 1-р сургуулийн 11-р ангийн суралцагч Б.Номинтой ярилцлаа.


ХҮҮХЭД БҮРИЙН АНХНЫ БАГШ НЬ ЭЭЖ НЬ БАЙДАГ ГЭЖ БИ БОДДОГ

-Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Баатарын Номин гэдэг. Булган аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 11-р ангид сурдаг.


-Чиний бодлоор багш гэж ямар хүн бэ?

-Миний бодлоор багш хүн бодлогын томьёо, үг үсгийн алдаа заахаас илүүтэйгээр биднийг амьдрал дээр гарахад тулгарах бэрхшээл сонголтуудыг даван туулах, хийж бүтээхэд тусалдаг юм шиг санагддаг. Хичээл гэдэг зүйл өдөр тутам, бүр үйлдэл тутамд ашиглагдаж байх зүйл заадаг шүү дээ, мөн багш нар бидэнд зөв төлөвшил, багаар ажиллах, алдаагаа хэрхэн залруулах гэх мэт маш олон харилцааны арга барилд сургадаг юм шиг санагддаг.


Тэд хоёрхон настай цэцэрлэгээс минь эхлээд 18 нас хүрээд сүүлчийн хонхоо цохих хүртэл ээж, зөвлөх, багш, сэтгэл зүйч, шүүгч, эмч гээд хийхгүй юмгүй яг л хоёр дахь гэр бүл шиг минь хүмүүс


-Анхны багшийнхаа талаар ярина уу?

-Миний хувьд анхны багшийгаа ээжийгээ гэж хариулна. Бас амьдралын туршид зааж зөвлөх багш минь байсаар ч байгаа. Ээж минь намайг балчир наснаас эрдэм ном, урлаг спортод хайртай болгосон хамгийн шилдэг багш, хүнийг энэрэх бас уучлах, хүндлэх, хайрлах сэтгэлтэй болгосон ухаалаг багш, алдах онох, шантрах бүтээх бүх үед зөвлөж байсан сэтгэл зүйч багш, амьдралд анх удаа л бүгдийг мэдрэх багахан насан дээр минь яагаад гэх асуултын хариуг залхааж төвөгшөөлгүй тайлбарлан хэлж, зааж өгдөг тэвчээртэй багш.


Ээжийгээ би миний анхны бөгөөд амьдралын туршид минь хажууд байх мөнхийн багш гэж боддог.


-Сэтгэлээс чинь гардаггүй сайхан багш нараа нэрлэвэл?

-Цэцэрлэгийн багш Буянхишиг, Ганбатхолбоо, бага ангийн багш Баяртүвшин, дунд болон ахлах ангийн багш Саранчимэг, Хонгорзул, Цэрэндулам, Мөнхцацрал, Мөнгөнтуяа, мөн үе үеийн урлагийн дугуйлангийн багш нар болох Уранбилэг (драм), Мишээл (драм), Жигдэн (ятга), Далайцэцэг (ёочин), Пүрэвсүрэн (бөмбөр), Оросоо (төгөлдөр хуур), Хүрэлээ (монгол бүжиг), Тэмүүжин (цэнгээнт бүжиг), Мөнхнаран (шүлэг, яруу найраг), Цэгмид /монгол зураг/ мөн спортын гайхамшгийг мэдрүүлсэн Тунгалаг (сагсан бөмбөг), Даваадорж (сагсан бөмбөг), Сувд-Эрдэнэ (волейбол), Ганбаатар (таеквондо), Батжаргал агсан (таеквондо), Долгорсүрэн (таеквондо) гэх мэт энэ гайхалтай багш нар миний амьдралын мөрийг зуралцаж өгсөн учир санаанд үргэлжид байдаг.


Намайг энэ бүх багштай учруулж, энэ бүх чадварыг эзэмшихэд үргэлж дэмжиж урам өгч итгэж байдаг аав, ээж, эгч, ах нартаа туйлын их баярладаг даа.


-Багш байх гоё болов уу яагаад?

-Миний бодлоор багш байх гоё байх, үргэлжид гэрэл цацруулсан хүүхдүүдтэй харьцаж, мэдэж буй бүхнээ түгээж, ирээдүйн мэргэжилтнүүдийг төрүүлж байгаа нь багшийн мэргэжлийн бахархах зүйл гэж би боддог.


-Багш байх хэцүү болов уу яагаад?

-Мэдээж амархан мэргэжил байхгүй л дээ. Гэхдээ багшийн мэргэжил хамгийн хэцүү нь юм шиг санагддаг. Ажил ихтэй гэр бүлээ умартан шавь нараа л боддог, бас 30 өөр айлын, өөр хүмүүжилтэй, өөр зан араншинтай хүүхдүүдийг атгасан гар шиг эвтэй, нэг гэр бүл шиг байлгана гэдэг тэвчээр, тэсвэр, хатуужил заасан хэцүү санагддаг.


-Багш нараа хэрхэн хүндэлдэг вэ?

-Асар их хүндэлдэг. Миний хувьд багшийг хүндэлж чадвал тухайн зааж буй зүйлийг илүү сайн сурдаг гэж боддог. Хэчнээн сайн багш байгаад ч сурагчид хүндэлж чадахгүй бол тухайн багшаас нэг хувь ч мэдлэг авч чадахгүй. Тиймээс би багш нарыгаа хүндэлж, хүлээцтэй хүндэтгэлтэй хандахыг хичээдэг.


-Хичээлээ ойлгох хэрэгтэй юу багшийгаа ойлгох хэрэгтэй юу?

-Ээж намайг бага ангид байхаас эхлээд хичээлээ ойлгож байна уу гэхээсээ өмнө багштайгаа ойлголцож байна уу гэж асуудаг байсан. Эхлээд би хэдэн томьёогоо цээжилчихвэл хэн багш байх, багшийг би юу гэж боддог байх хамаагүй гэж боддог байв. 

Намайг зарим хичээлд дургүй болонгуут ээж хичээлийн тухай бус багшийн тухай ярилцаж, тэр хичээлийн багшийн минь сайн тал бүрийг ухуулан сурталчлаад эхлээд багшийгаа чин сэтгэлээсээ ойлгоод хайрлан бишрээрэй, тэгээд чи хичээлдээ аандаа л дуртай болно гэдэг байсан. Амьдрал дээр үнэхээр тийм л юм болсон доо.


Түүнээс хойш багшийгаа л эхлээд ойлгоод хүндлэн бишрэх юм бол ширээн дээрх цаасыг аваад цүнхэндээ хийх шиг амархан хичээлээ ойлгоно. Харин багшийгаа ойлгохгүй бол гүн худгийн ёроолоос зүү олж дээл оёх шиг эрдмийн шимийг нь хүртэх бэрх юм аа гэж боддог болсон доо.


-Багш нартаа хандаж юу хэлмээр байна?

-Үе үеийн бүх багш нартаа хандаж намайг өдий зэрэгтээ хүргэж мэдлэг боловсрол, авьяас чадварыг харамгүй зааж өгч, хүн байх төлөвшлийг бүтээж, алдаа онооны дэнсэн дээр намайг өмөөрч хамгаалж, уучилж энэрч, амжилтад хүрэхэд цуг баярлаж хөөрч байдаг бүх багш нартаа баярлалаа хайртай шүү гэж хэлмээр байна.  Арван жилийн нөхөрлөл хэр үнэ цэнтэйг баталж, одоогоос ирээдүйнхээ төлөө хичээж, амжилт ололт дүүрэн байцгаая хэмээн хэлье.


-Багш хүүхдүүдээс юу хүсдэг вэ? 

-Миний бодлоор багш биднээс 99 хувийн авьяас биш, 99 хувийн хичээл зүтгэл, сурлагын амжилтыг хүсдэг байх. Дээр нь жаахан хүндэтгэлийг хүсдэг байх. Мэдээж энэ нь бидэнд л хэрэгтэй. Хичээсэн хүн их ч бай бага ч бай заавал амжилтад хүрдгээс гадна тэр зам руу хөтлөх эрдмийн их багш нарыгаа хүндлэх нь байх ёстой нэгдүгээр зүйл гэж боддог.


-Хүүхдүүд багшаас юу хүсдэг вэ?

-Миний хувьд нээлттэй багш нар их гоё санагддаг. Тодорхой хэмжээнд ярилцдаг багш нар илүү сайхан мэдрэмж төрүүлдэг.


-Ирээдүйд чи багш болох уу?

-Би хууль эрх зүй тал руугаа сонирхолтой гэхдээ биеийн тамир тэр дундаа таеквондогийн спортын багш дасгалжуулагч болохыг хичээж байгаа.


-Ямар багш болох вэ?

-Би хүүхдүүдтэйгээ нээлттэй, дулаахан, ээж шиг нь, гэр бүл шиг нь багш болохыг хүсдэг дээ.


-Сурагч хүнд амжилттай сурах эхний алхам нь юу байх вэ?

-Сурагч хүний амжилттай сурах эхний алхам нь хичээл зүтгэл, багшийгаа гэх сэтгэл, хүндлэл байдаг гэж бодож байна.


Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа эрдмийн их аян нь амжилт бүтээлээр дүүрэн байг. 







Related news