Сэрэмжлүүлэх мэдээ хүргэдэг “Багц мессеж” илгээх зардлыг шийджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙӨвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр аймгийн онцгой комисс 96,2 хувийн ирцтэй хуралдлаа.
Хуралдааны эхэнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай аймгийн Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтийн талаар салбар салбарын төлөөллүүд мэдээлэл хийв. Бичин жилийн өвлийг өнтэй давахад Чингис хотын хэмжээнд нийт 35 мянган тонн нүүрс шаардлагатай аж. Үүний 21 мянган тонн нь бэлэн байгаа бөгөөд үлдсэн нүүрсний хөрс хуулалтын ажил хийгдэж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажилд хамгийн гол тулгамдаж байгаа асуудал нь “Хэнтий Ус” ХХК-ийн өр юм. Уурхайнууд мөнгөө төлсөн тохиолдолд нүүрсээ өгнө гэсэн байр суурьтай байгаа тул нэн даруй үүссэн өрийг төлж барагдуулах шаардлага тулгарчээ. Хэнтий аймгийн төв Чингис хотын оршин суугчдыг ус, дулаанаар хангадаг тус компанид нэг тэрбум шахуу төгрөгний өр үүссэн байсан бол одоогийн байдлаар 413 сая төгрөг болж буурсан байна.
Аймгийн онцгой комиссын хурлаар Нэгдсэн эмнэлгийн шинэ байрыг халаахад зориулж 2 шинэ тогоо нэмж авч суурилуулах, аймгийн төвийн халтиргаатай замд цацах давсыг нөөцөлж авах, хөдөөгийн иргэдэд цаг агаарын онц ноцтой үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг хүргэдэг “Багц мессеж” илгээх зардал зэрэг хөрөнгө мөнгөний асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн “Хэнтий Ус” ХХК-ийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхээр ТУЗ-ийг яаралтай хуралдуулахаар болов.
Д.Одонтунгалаг