Анхан шатны Статистик мэдээллийн чанарыг сайжруулахад анхаарч ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ“Статистикийн өдөр”-ийг тохиолдуулан Хэнтий аймгийн Статистикийн хэлтсийн дарга Т.Өлзийсүрэнтэй уулзаж, салбарынх нь ажил байдлын талаар тодруулж ярилцлаа.
-Сайн байна уу? Юуны өмнө өнөөдөр тохиож буй “Статистикийн өдөр”-ийн мэндийг хүргэе.
-Баярлалаа. Монгол Улсын хэмжээнд Статистикийн салбарт ажиллаж байгаа зорилго нэгт нөхөддөө хувиасаа болон Хэнтий аймгийн Статистикийн хэлтсийн хамт олныхоо нэрийн өмнөөс Монгол Улсад статистикийн алба үүссэний 92 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажлын амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Статистикийн хэлтсийн үндсэн чиг үүрэг нь чухам юу байдаг вэ? Хамт олноо танилцуулаач?
-Статистик мэдээлэл нь төр, нийгэм, эдийн засгийн үндэсний хэмжээний бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд мэдээлэл болж хүрдгээрээ маш их онцлогтой, хариуцлагатай алба юм. Бид албан ёсны статистикийн үйл ажиллагааг аймаг орон нутгийн хэмжээнд төвлөрүүлэн эрхэлж, хэрэглэгчдийг албан ёсны төвлөрсөн мэдээллээр чанартай хангахыг эрхэм зорилгоо болгохоос гадна олон улсын нэгдсэн арга, аргачлал, дэвшилтэт техник, технологи ашиглан статистикийн мэдээ, тооллого, судалгааны үр дүнг хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн санг баяжуулах, улмаар тэдгээрийн мэдээлэл ашиглалтыг дээшлүүлэх замаар статистикийн бүтээгдэхүүн эрэлт, хэрэгцээ, хүртээмж, хамрах хүрээг өргөтгөх, статистикийн үйлчилгээг шуурхай хүргэхийг зорин ажиллаж байна. Миний хувьд ажлаа хүлээж авахад ажилдаа мэргэшсэн, эрч хүчтэй залуучуудаас бүрдсэн сайхан хамт олон угтаж авсан. Хэлтэс маань хэлтсийн дарга, судалгааны багийн ахлагч, 4 мэргэжилтэн, 3 судлаач, 2 гэрээт ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.
- Танай салбарт сүүлийн үед хийгдэж байгаа, хийгдэхээр төлөвлөгдсөн ямар ажлууд байна вэ?
-Графикт мэдээ, тайлан, судалгаанууд хэвийн явагдаж байгаагаас гадна Аймгийн хэмжээний бичил уурхай эрхлэгчдийн, ХХЭрхлэгчдийн, нөөц ашиглалтын судалгаанууд явагдаж байна. Ойрын хугацаанд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа томоохон ажлын нэг бол Монгол Улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг Мал Аж Ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв гаргахад ихээхэн ач холбогдолтой 12-р сарын эхний долоо хоногт эхэлдэг Улсын хэмжээний мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын ажил байгаа. Мөн энэ оны 11-12 дугаар саруудад Эрүүл мэндийн яамтай хамтран “Улаан бурхан, улаанууд өвчний эсрэг дархлал тогтоцын судалгаа”-г ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр орон даяар зохион байгуулах гэж байна.
- Хэнтий аймагтай холбоотой сонирхолтой статистик тоо баримтуудаас манай уншигчдад сонирхуулбал?
-Манай мэдээллүүд бүгд л иргэдэд сонирхолтой байх. Гэхдээ хүн бүр мэдэж байвал хэрэгтэй болов уу гэдэг үүднээс цөөхөн хэдэн мэдээлэл өгье. 2015 оны жилийн эцсийн байдлаар Хэнтий аймгийн нийт хүн амын тоо 72339, өрхийн тоо 23484 байгаа бөгөөд хүн амын дийлэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлж байна. Улсын хэмжээнд нийт малын тоогоороо манай аймаг 6-р байр, хамгийн олон мал тоолуулсан сумаар Өмнөдэлгэр сум 436332 мал тоолуулж 1-р байранд орсон. Мөн Хэнтий аймаг 775 мянгат малчинтай бөгөөд Баянхутаг сум 104 мянгат малчинтайгаар тэргүүлж байна.
- Та төсөв санхүү, ажил байдлын хувьд яг ямар байгууллага хүлээж авав? Цаашид ямар ажлуудыг санаачлан хийх төлөвлөгөөтэй байна?
-2016 оны 9-р сарын 21-нд ажил авахад Улсын бүртгэл, статистикийн газар гэж байснаа бүтцийн өөрчлөлт орж, Статистикийн хэлтэс болж, үүнтэй холбоотойгоор хэлтсийн гэрчилгээ, тамга тэмдэг байхгүй 8-р сараас хойш төсөв зарцуулах боломжгүй, графикт судалгаанууд хийгдээгүй байсан. Яаралтай арга хэмжээ авч 9-р сарын 29-ний өдрөөс хэвийн ажиллах боломжтой болсноор 8, 9, 10 дугаар сарын судалгаануудыг бид цаг наргүй ажилласны үр дүнд ҮСХорооноос өгсөн хугацаанд багтаан явуулж чадсан. Мөн ажилчдад олноор нь зэрэг ээлжийн амралт өгсөн байсантай холбоотой цалингийн төсөв хүрэхгүй болж, Нийгмийн даатгалын хэлтэст өр үүссэн байдалтай байна. Цаашдаа хийхийг төлөвлөж байгаа олон ажлууд байгаагаас нэн түрүүнд баг, сумдаас авах статистик мэдээллийн чанар болон боловсруулсан мэдээллийг шуурхай, илүү өргөн хүрээнд мэдээлэх, статистик мэдээллийн ач холбогдлыг иргэдэд ойлгуулан таниулах тал дээр онцгой анхаарах шаардлагатай байна.
- “Статистикийн өдөр”-ийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа вэ?
-Жил бүрийн 11-р сарын 11-нд “Статистикийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүнтэй холбоотойгоор энэ жил Статистикийн албаны 92 жилийн ойн хүрээнд Ерөнхий Боловсролын Сургуулийн ахлах ангийн сурагчдад тохирсон танин мэдэхүйн чанартай Статистик гэж юу вэ, Статистикийн тоог яаж цуглуулж, боловсруулж, олон нийтэд хүргэдэг, мэдээллийг төр засаг, эдийн засагт, иргэдийн хувьд хэрхэн ашигладаг талаар мэдлэг олгох зорилготой сургалтыг өмнөх жилүүдээс шинэлэг байдлаар зохион байгуулж байна. Энэ дашрамд иргэд та бүхэн Хэнтий аймгийн статистик мэдээллийг манай хэлтсийн Khentii.nso.mn цахим хуудаснаас цаг алдалгүй авах боломжтой гэдгийг хэлье.
Хэнтий Д.Одонтунгалаг