Энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн багийг оролцуулах талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар НҮБ-ын Цагдаагийн зөвлөх, цагдаагийн комиссар Файзал Шахкарыг баасан гарагт хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улс цагдаагийн
багийг өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулах, эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоог
нэмэх талаар санал солилцов.
Монгол Улс 2002 оноос хойш хүн төрөлхтний энх тайван,
аюулгүй байдлыг сахин хамгаалах ажиллагаанд 20 мянга гаруй энхийг сахиулагчаа
дэлхийн халуун цэгүүдэд илгээсэн. Цаашид энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн
багийг оролцуулах боломж бүрдүүлэхээр Энхийг дэмжих ажиллагаанд оролцох
тухай хуулийг өнгөрсөн онд шинэчлэн баталж, цагдаагийн багийг мэргэжлийн өндөр
ур чадвар бүхий албан хаагчдаар бүрдүүлэн, орчин үеийн дэвшилтэт технологийн иж
бүрэн техник хэрэгслээр хангаж илгээхэд бэлдээд байгааг сайд Л.Мөнхбаатар тодотголоо.
НҮБ-ын Цагдаагийн зөвлөх, цагдаагийн комиссар Файзал Шахкар
Монгол Улсаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг
өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд, энэ оны 10 дугаар сард НҮБ-ын үнэлгээний
багийг Монгол Улсад илгээхээр төлөвлөж байгааг мэдэгдэв. Мөн шүүхийн шийдвэр
гүйцэтгэх байгууллагын албан хаагчдыг энхийг бэхжүүлэх ажиллагаанд оролцуулах
боломжийг нэмэх, энхийг сахиулагчдын дунд эзлэх эмэгтэйчүүдийн оролцоог 25
хувьд хүргэх боломжтойг онцлов. Түүнчлэн НҮБ-аас хоёр жил тутамд зохион
байгуулдаг, ирэх оны зургаадугаар сард болох Цагдаагийн дарга нарын 5 дахь
удаагийн дээд түвшний чуулга уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайд
Л.Мөнхбаатарыг оролцохыг урьж, НҮБ-ын цагдаагийн албанд зочлон ирэхийг хүсжээ.