Нохойд уруулсан 23 хүн галзуугийн эсрэг вакцин хүлээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-09 15:56:39

Хэнтий аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нохойд уруулсан, ноцуулсан  23 хүн галзуу  өвчний  эсрэг вакцин хүлээж байна.

Уг өвчний халдвар авсан тохиолдолд цаг алдалгүй дархлаажуулалтанд хамрагдахгүй бол амь нас эрсдэх аюултай бөгөөд одоогоор бүрэн эмчлэх арга хараахан нээгдээгүй байгаа юм.

Манай улс галзуу өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын бэлдмэлийг ОХУ, Канад улсаас оруулж ирэн ашигладаг байсан аж. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас улсын хэмжээнд тасраад байгаа нь орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндэд аюул учруулж байна.

Иймд иргэд та бүхнийг нохой, мууранд уруулах эрсдэлээс өөрсдийгөө болон бусдыг хамгаалж, нохой эзэмших журамд заасны дагуу нохойгоо уях, туулга дархлаажуулалтанд хамруулах, нохой, мууранд уруулж ноцуулсан, шүлсдүүлсэн тохиолдолд харъяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах, галзуу өвчний сэжигтэй мал амьтанд ойртохгүй байх, сэжигтэй мал амьтныг мал эмнэлэгт мэдээлэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн сургууль цэцэрлэгүүд орой үдшийн цагаар зохион байгуулдаг сургалт хүмүүжлийнхээ ажлын тоог багасгах,  эцэг эхчүүд та бүхнийг хүүхдүүдээ эрсдэлд орохоос сэргийлж, сургуулиас нь угтаж авахыг  уриалж байна.

Хэнтий Д.Одонтунгалаг

Related news